Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгчийг хэргийн мөрдлөг шалгалтад нөлөөлөх гэж оролдсон гэв

2019-04-20 13:03:54

Оросын талаас Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэх хэрэгт хийсэн мөрдлөгийн дэлгэрэнгүй мэдээлэл ил боллоо. Хүлээлт үүсгэсэн дэлгэрэнгүйд мэдээлэлд, Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп хэргийн мөрдлөг шалгалтад нөлөөлөх гэж оролдсон гэжээ.

Тиймээс энэ мэдээлэлтэй холбоотойгоор Америкийн хууль зүйн сайд бөгөөд ерөнхий прокурор Вильям Барр-ыг сөрөг хүчнийхэн нь шүүмжилж байна. Учир нь ерөнхий прокурор өнгөрөгч 3 сард гаргасан тайландаа Америкийн ерөнхийлөгч Оросын талтай холбоотой гэх баримт олдоогүй хэмээн мэдээлж байсан юм.

Тэгвэл пүрэв гарагт олонд ил болсон, тусгай төлөөлөгч Роберт Мюллер-ийн 22 сарын хугацаанд цуцлуулсан 448 хуудас бүхий хэргийн баримт мэдээлэлд дурдсанаар,  2017 оны 7 дугаар сард Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, Роберт Мюллерийг ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг шалтгаанаар эрхэлж буй ажлаас нь болиулахаар тухайн үеийн Цагаан ордны хуулийн зөвлөх байсан Доналд Макгейн-д хандсан байна. Энэ тухай Дон Макгейн тусгай мөрдлөгийнхөнд мэдээлэхдээ, “ерөнхийлөгчийнхөө зааврыг дагаж биелүүлээгүй, дээрээс нь Трамп түүнийг дахин дуудаж уулзахад юу хэлэхээ мэдэхгүй байсан учраас хүнд байдалд орж, дараа нь огцорсон” гэж ярьсан байна.

Түүгээр ч зогсохгүй Трамп, тусгай мөрдлөг шалгалт эхлэх үед “бурхан минь энэ бол миний ерөнхийлөгчийн засаглалын төгсгөл” гэх мэт үг хэлж байсан, олон нийтийн нүдэн дээр тэрээр хууль ёсыг гажуудуулж зөрчсөн 10 ч удаагийн үйлдэл хийсэн, түүнээс нэг л тохиолдолд Холбооны мөрдөх товчооны дарга байсан Жеймс Комей татгалзаж хууль зөрчих гэсэн үйлдэл нь бүтэлгүйтсэн, мөн сонгуулийн үед “Трамп” цогцолборт Трампын сонгуулийн ажилтнууд, Оросын талтай уулзсан уулзалтын талаар хуулийн зөвлөх, хэвлэлийн төлөөлөгчөөрөө төөрөгдүүлсэн худал мэдэгдэл гаргуулж, няцаалгасан, тусгай мөрдөгч Роберт Мюллер Доналд Трампын төрсөн хүү, хүргэн хүү хоёрыг энэ хэрэгт холбогдуулан хэрэг тулгах гэж төлөвлөж байсан зэрэг хэд хэдэн баримт мөрдлөг шалгалтын дэлгэрэнгүй мэдээлэлд багтжээ. Мөн “Трампын ойр ажилладаг хүмүүс түүний хүсэлт, тушаал зааврыг биелүүлэхээс татгалзаж байсны дүнд мөрдлөг шалгалтад нөлөөлөх гэсэн ерөнхийлөгчийн оролдлого дийлэнхдээ бүтэлгүйтсэн” хэмээн Мюллер тайландаа бичсэн байна.  

Үүнээс гадна, Роберт Мюллер дэлгэрэнгүй тайландаа “Америкийн ерөнхий Доналд Трампын сонгуулийн ажил Оросын талтай холбогдож, хуйвалдсан гэх баримт олдоогүй. Ноён Трампыг мөрдлөгийн ажилд саад болохыг завдсан талаар хууль зүйн тодорхой дүгнэлтэд хүрэх боломжгүй байна” хэмээн бичсэн байна.

Энэ мэдээлэл гарсны дараа Трампын хуулийн багийнхан бүрэн ялалт байгууллаа гэцгээж байгаа юм байна.


АНУ-ын ерөнхийлөгчийг хэргийн мөрдлөг шалгалтад нөлөөлөх гэж оролдсон гэв  
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй