Шууд Chart

Г.Ганболд: Зургаадугаар сараас сайжруулсан түлш хийж эхлэх зорилт тавиад байна

2019-04-21 10:12:49

Өвөрхангай аймгийн хаваржилтын нөхцөл байдал, газар тариалангийн бэлтгэл ажил хийгээд тус аймагт 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын талаар аймгийн Засаг дарга Г.Ганболдоос тодрууллаа.

-Өвөрхангай аймагт өвөлжилт хэр байв. Өнтэй сайхан хавар болж байна уу?

-Аймгийн хэмжээнд 2018 оны өвөл 2019 оны хавар өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өнтэй өвөл болж, аятай хаваржиж байна. Энэ жил манай аймгийн хувьд 5470.0 мянга гаруй толгой мал өвөлжиж, хаваржлаа. Өөрийн аймгийн сумдад өвөлжилт сайхан байсан ч бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотой зарим сумдын малчид Булган аймгийн Дашинчилэн, Баянуур, Гурван булаг, Төв аймгийн Эрдэнэсант, Дэлгэрхаан, Дундговь, Архангай аймгийн нутгаар оторлож байна.  Энэ хавар Өвөрхангай аймаг 2.3 сая толгой төл хүлээж авна. Өнөөдрийн байдлаар нийт төллөх малын 60 орчим хувь нь төллөж, төл мал 98 хувьтай бойжиж байна гэсэн мэдээллийг салбарын хэлтэс, агентлагуудаас өгч байгаа.  Зүүн талын 4, 5 сумыг эс тооцвол мал жилбэтэй төллөж байна. Зүүн талын сумдад үлийн цагаан оготно хүндрэл учруулж байна. Тийм учраас Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хувиарласны дагуу, аймаг, сум тодорхой хөрөнгө мөнгө гаргаж үлийн цагаан оготно устгах бактержуулсан будааг ойрын үед малчид, ард иргэдийн тусламжтайгаар оготно их тархсан газруудад устгалын ажлуудыг зохион байгуулж байна. Оготно устгалыг зохион байгуулахгүй бол бэлчээрийн даац хэтэрсэн, малын тоо толгой их  байгаа үед бэлчээрийг доройтуулах, талхагдуулахад нэрмээс болж байна. Энэ чиглэл рүү тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.  Ер нь хангайн сумд, баруун талын сумдаар хавар цас орж чийгшил гайгүй байна. Зүүн талын болон говийн сумдаар нэлээн хуурайшилт ихтэй, зуншлага оройтож магадгүй төлөв байдалтай байгаа.

-Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөөч?  

-Манай аймаг жил бүр 10 орчим га-д үр тариа, төмс, хүнсний ногоо тариалдаг. Сүүлийн жилүүдэд төмс, хүнсний ногооны тариалалт бүх сумдад эрчимтэй өрнөж байна. Иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр үндсэндээ газар тариалан болж байна. Арвайхээр болон Хархорин, Хужирт, мөн говийн сумдаар газар тариалан эрхэлж амьдрал ахуйгаа авч яваа хүмүүс олон болж байна. Тариалсан төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж байгаа. Үр тариа, малын тэжээлийг бага тариалж байна. Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэ хүрээнд газар тариалангийн салбарын томоохон зөвлөгөөнийг зохион байгуулж, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг урьд жилүүдээс нэмэгдүүлж, газар тариалангийн атаршсан газруудыг дахин ашиглах, одоо ашиглаж байгаа талбайгаа нэмэгдүүлэх, нэгж талбайгаас авч байгаа, га, центнерээс авч байгаа ургацын хэмжээг нэмэгдүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлж байгаа. Аж ахуйн нэгж, иргэдэд шаардлагатай үрийн нөөцийг тариалан эрхлэлтийг дэмжих сан болон олон улсын байгууллагууд, аймаг, орон нутгийн дэмжлэгээр бий болгож, үрээр бүрэн хангахад анхаарч байна. Нөгөө талаар томоохон газар тариалангийн компаниудад шатах тослох материалын дэмжлэг үзүүлээд явж байна.

-Энэ онд аль салбарт хөрөнгө оруулалт түлхүү хийгдэж, ямар бүтээлч ажлууд аймгийн хэмжээнд өрнөх вэ?

-Салбар  бүрт л тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт тавигдсан. Тэрдундаа авто зам, эрчим хүч гээд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт түлхүү хийгдэхээр төлөвлөгдсөн. Энэ жил Арвайхээр, Улаанбаатар чиглэлийн эвдрэлтэй 60 км авто зам, Орхон голын төмөр бетон гүүр, Хужирт сумын төмөр бетон гүүр барих ажлууд эхэлнэ. Арвайхээр, Уянга, Бат-Өлзий, Хужирт, Хархорин гээд томоохон сумын төвүүдийн авто зам шинэчлэлийн ажил хийгдэнэ. Дулааны цахилгаан станцын ажил эхэлнэ. Дэлхийн банкны төслийн хүрээнд Хархорин, Арвайхээр сумдын 04-ийн шугам, тоолуур шинэчлэлтийн ажил эхлэхээр байна. 2019 онд Хужирт сумын цэвэрлэх байгууламжийн ажлыг бүрэн хийж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Аймгийн төв, сумдуудад нийт 40 гаруй барилга, байгууламж баригдана. Мэдээж хамгийн гол салбар бол хөдөө аж ахуйн салбар. Жижиг, дунд үйлдвэрлэл тэрдундаа малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүд барих кадастар хэлбэрийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх ажил эрчимтэй үргэлжилнэ.

-“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд ямар ямар ажлууд хийгдэх вэ?

-Зорилтот жилийг зарлахдаа бид нэгдүгээрт судалгаан дээр үндэслэдэг, хоёрдугаарт иргэдийнхээ санал, бодлыг сонсдог. Аймгийн төв ногоон байгууламж багатай. Дэлхийн улс орнуудын жишгээс 10 дахин бага, Улаанбаатар болон бусад томоохон суурингуудтай харьцуулахад 3-4 дахин бага ногоон байгууламжтай. Үүнээс үүдэж хөрс, агаарын бохирдол ихэсч, хуурайшилт нэмэгдэж байна. Энэ нь иргэдийн эрүүл орчинд ажиллаж,амьдрахад сөргөөр нөлөөлж байгаа юм. Сургууль, цэцэрлэг, нийтийн орон сууцны орчин, автозогсоол гээд тохижилттой холбоотой гомдол, санал иргэдээс их ирдэг учир 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд шинэлэг ажлуудыг хийхээр зорьж байна. Гацуур, нарс, монос, буйлс, гүйлс, улиас, хайлаас гээд 30-аад мянган мод тарихаар бэлтгэл ажлууд хийгдэж байна. Мөн европын стандартад ойртсон зүлэгжүүлэлтийг нэлээд олон га газар хийнэ. Зорилтот жилийн ажилд төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, ард иргэдтэйгээ хамтарч ногоон байгууламжийг хөгжүүлэх, нэмэгдүүлэх аяныг эхлүүлж тодорхой тэсрэлт хийсэн жил болно. Энэ хүрээнд гадаад хамтын харилцаатай улс орнуудад хандаж байгаа. Францын Аллиар муж нэрэмжит гудамжаа тохижуулахаа амлаж батламжаа өгсөн. Солонгосын Ханнара төрийн бус байгууллага цэцэрлэгт хүрээлэн байгуулж, 3000 гаруй мод тарьж өгөх хүсэлтээ ирүүлсэн. Энэ мэтчилэн тал талаасаа хамжиж, дэмжиж ажиллаад зорилтот жилийг үр дүнтэй хэрэгжүүлэхээр зорьж байна.  Цаашдаа  жил бүр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллана.

-Аялал жуулчлалын улирал эхэлж байна. Дотоод гадаадын жуулчдыг татах чиглэлээр орон нутгаас ямар бодлого, чиглэл барьж ажиллаж байна вэ?

-Аялал жуулчлалын салбар Өвөрхангай аймагт чухал салбарын нэг. Манай аймаг томоохон уул уурхай, үйлдвэр байхгүй. Тиймээс аялал жуулчлалын салбарыг цаашдаа аймгийн эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлдэг салбар болгож хөгжүүлэх бидний хамгийн том зорилт бий. Саяхан зохион байгуулагдсан  “Ай Ти Эм-2019  олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай аймаг амжилттай оролцоод тэргүүн байр эзэлсэн. Аймгийн аялал жуулчлалын холбооны бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилж, аж ахуйн нэгжүүдтэйгээ зөвлөгөөн зохион байгууллаа. Аялал жуулчлалын зах зээлийн үнэ өртгийг бодлогын түвшинд барих шаардлага байна. Үүнд анхаарч ажиллаж байна.

-Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэж сайжруулсан түлшний үйлдвэр барих ажлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Агаарын бохирдол ноцтой байна. Бид зоримог алхам хийж байгаа. Нүүрсээ сайжруулахгүйгээр агаарын бохирдолтой тэмцэх арга зам байхгүй. Тийм учраас Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэж, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулахаар зорьж байна. Энэ ажил амжилттай хэрэгжсэнээр зөвхөн Өвөрхангай төдийгүй Архангай, Баянхонгор гээд нүүрсээ манайхаас татаж байгаа аймгуудын агаарын бохирдол буурна. Баянтээгийн уурхайгаас өөрөөс нь хөрөнгө гаргаж сайжруулсан түлшний үйлдвэрийг яаралтай ашиглалтад оруулахаар зорьж байна. Хагас кокс боловсруулах зуухаа захиалсан. Ирэх 6 дугаар сараас сайжруулсан түлшээ хийж эхэлнэ гэсэн том зорилт өмнө тавиад ажиллаж байна. Энэ төсөл маань амжилттай хэрэгжвэл 2019 оны өвөл Арвайхээр хотын болоод бусад бүс нутгийн хэмжээний агаарын бохирдлыг эрс бууруулах боломжийг нээнэ.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ


Г.Ганболд: Зургаадугаар сараас сайжруулсан түлш хийж эхлэх зорилт тавиад байна   
Үзсэн: 262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй