Шууд Chart

Ө.Нармандах: Оффисгүй, 3-4-хөн ажилтантай харуул, хамгаалалтын алба гэрээт хамгаалалтын үйлчилгээ эрхэлж байсан

2019-04-22 09:40:43

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ө.Нармандахаас гэрээт харуул, хамгаалалтын албаны тухай болон тэдгээрт хийж буй хяналт шалгалтын талаар мэдээлэл авлаа.

-Цагдаагийн байгууллагаас МХЕГ-тай хамтран гэрээт харуул, хамгаалалтын албадад хийж буй хяналт шалгалтын талаар мэдээлэл өгөөч?

-Цагдаагийн байгууллагаас, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран улсын хэмжээнд гэрээт харуул, хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна. Уг арга хэмжээ 2019 оны гуравдугаар сарын 28-наас эхэлсэн бөгөөд хяналт шалгалтын ажиллагааг ажлын 21 хоногт багтааж дуусгахаар төлөвлөсөн. Энэ хугацаанд тусгай хяналт, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хяналт гэсэн үндсэн гурван чиглэлээр шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.

-Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг хичнээн аж ахуйн нэгж байгууллага бий вэ?

-Нийслэлийн хэмжээнд 2018 оны байдлаар . Үүнээс 90 орчим хувь нь төвийн зургаан дүүрэгт бүртгэлтэй байна. Мөн Багануур дүүрэгт хоёр, Налайхад бүртгэлтэй хоёр аж ахуй нэгж бий. Багахангайд бүртгэлтэй гэрээт харуул, хамгаалалтын компани байхгүй байна. Хяналт шалгалтын ажиллагаа дуусахаар дээр дурдсан тоо тодорхой хэмжээнд өөрчлөгдөх байх.

-Шалгалтын явцад ямар зөрчил, дутагдал илэрч байна вэ?

-Харуул хамгаалалтын байгууллагуудад шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил дутагдал илэрч байна. Нэгдүгээрт, Цагдаагийн байгууллагаас олгодог Харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах гэрчилгээний хугацаа дууссан. Сунгаагүй хэрнээ зөвшөөрөлгүй ажиллаж байсан. Хоёрдугаарт, Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог харуул хамгаалалтын албанд ашиглагддаг Радио давтамжийн үелзэл ашиглах зөвшөөрлийн хугацаа дууссан байхад сунгаагүй байх жишээтэй. Үүнээс гадна боловсон хүчинтэй холбоотой асуудлууд маш их байна. Боловсон хүчин, ажилтнаа сонгон шалгаруулж, судалж, ажилд аваагүйгээс үүдэн харуул, хамгаалагчид 15-30 хоног ажиллаад ажлаа хаяж явсан тохиолдол гарч байна.

Мөн зарим нэг байгууллага аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ авсан хэрнээ гэрээт, харуул хамгаалалтын үйлчилгээ эрхлэх наад захын шаардлага хангаагүй байна. Тухайлбал: ажлын оффисгүй, 3-4-хөн ажилтантай харуул хамгаалалтын алба гэрээт харуулын үйлчилгээ эрхэлж байсан. Эдгээр илэрсэн зөрчил дутагдал, шалгалтын дүнг ажлын хэсгийн хурлаар оруулж, шийдвэрийг зохих шийдвэр гаргах түвшинд уламжилна.

-Харуул хамгаалалтын алба хөлсөлдөг, хамтран ажилладаг байгууллага, аж ахуй нэгж цаашид юунд анхаарах шаардлагатай вэ?

-Харуул, хамгаалалтын үйлчилгээ авахаар гэрээ байгуулахаасаа өмнө тухайн компанийн боловсон хүчин, хүний нөөцийг сайн судлах хэрэгтэй. Мөн хичнээн тооны ажилтантай, харуул хамгаалалтын чиглэлээр хэдий хугацаанд үйл ажиллагаа явуулсан, танай байгууллагын эд хөрөнгийг хамгаалахад шаардагдах машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж бий юу гэдгийг сайтар судлаж,дүгнэсний дараа гэрээ байгуулж ажиллах хэрэгтэйг анхаарах хэрэгтэй. Хэрвээ байгуулагдаад нэг жил ч болоогүй, 3-4-хөн ажилтантай харуул хамгаалалтын албатай гэрээ байгуулсан тохиолдолд ямар нэг зөрчил дутагдал, алдаа эндэгдэл гарахыг үгүйсгэхгүй.

-Харуул болон хамгаалагч нартай холбоотой зөрчил дутагдал илэрсэн үү?

-Шалгалт эхэлснээс хойших хугацаанд харуул, хамгаалагч, ажилтнуудтай холбоотой зөрчил дутагдал илрээгүй байна. Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу аж ахуйн нэгжүүд дотоод хяналт шалгалтын ажилтан томилсон тушаал, ажлын төлөвлөгөө, түүний гүйцэтгэлтэй байх ёстой байдаг ба энэ ажил хийгдэхгүй байгаад аж ахуйн нэгжүүд анхаарах хэрэгтэй байна. Цаашлаад харуул болон хамгаалагчид нь ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн, унтсан, объектоо орхиж явсан эсэхийг өөрсдөө хянаж шалгаж, дотоод хяналтын дэвтэртээ тэмдэглэл үйлддэг байх нь маш зүйтэй. Шалгалтын ажлын хэсгээс энэ төрлийн ажлыг шалгаж байгаа.

-Гэрээт харуул, хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын харуул болон хамгаалагчид ямар тусгай хэрэгсэл эзэмших эрхтэй вэ. Тусгай хэрэгсэлтэй холбоотой зөрчил илэрсэн үү?

-Гэрээт харуул, хамгаалалтын тухай хуульд зааснаар галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй. Гэхдээ Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулах их сургуулийн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн 21 хоногийн сургалтанд хамрагдаж, төгссөнөөр гэрээт харуул, хамгаалалтын ажилтан хуульд заасан тусгай хэрэгсэл, галт зэвсэг, хийн бууг ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа биедээ авч явах, шаардлагатай тохиолдолд хэрэглэх эрхтэй болдог. Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн сургалтын хөтөлбөрт ямар үед биеийн хүч хэрэглэх, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхийг тусгасан байгаа. Энэ сургалтад хамрагдаагүй тохиолдолд гэрээт харуул, хамгаалалтын албаны хамгаалагч, харуулууд тусгай хэрэгсэл хэрэглэх эрхгүй.

-Энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж харуул болон хамгаалагч ажилд авахдаа ямар шаардлага тавих ёстой вэ?

-Гэрээт харуул, хамгаалалтын тухай хуульд заасан байгаа. Тухайлбал, харуул хамгаалалтын алба хаагчаар 20 нас хүрсэн, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага хангасан, зохих боловсрол, ажлын туршлагатай, холбогдох сургалтад хамрагдсан, ял шийтгэлгүй хүнийг хамгаалалтын ажилтнаар авах ёстой.

Мөн Гэрээт харуул, хамгаалалтын аж ахуй нэгж байгууллага байгуулж буй хувь хүн, албан байгууллага Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/40 тушаалаар батлагдсан “Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх, бүртгэлээс хасах, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ыг мөрдөж ажиллах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас зохих журмын хяналт тавьж, шаардлага хангасан тохиолдолд гэрээт харуул, хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нэг жилийн хугацаатай олгодог. Мөн энэ чиглэлээр 10-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, компанийн зөвшөөрлийг хоёр жилийн хугацаатай сунгадаг.

-Гэрээт харуул, хамгаалалтын аж ахуй нэгжид хийж буй хяналт шалгалт дуусахаар ямар үр дүн гарах вэ?

-Энэ хяналт шалгалтын ажиллагаа сүүлийн гурван жил зохион байгуулагдаагүй. Тиймээс энэ арга хэмжээг зохион байгуулснаар гэрээт харуул, хамгаалалтын хэчнээн компани үйл ажиллагаа явуулж буй бодит тоо, баримттай болно. Гэрээт харуул, хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий эсэх талаар тодорхой дүгнэлт гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.

Гэрээт харуул, хамгаалалтын аж ахуйн нэгж, компанийн удирдлагад хандаж хэлэхэд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд өөрийн байгууллагын аюулгүй байдлыг бүрэн хангасныхаа дараа хамтран ажиллагч, гэрээт үйлчлүүлэгч байгууллагынхаа аюулгүй байдлыг хангаж чадна. Тиймээс мэргэжлийн байгууллагаас явуулж буй хяналт шалгалтын ажиллагаанд хамрагдаж, зөвлөмж зөвлөгөө авах, зөрчил дутагдлаа арилгах ёстойг анхааруулж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ө.Нармандах: Оффисгүй, 3-4-хөн ажилтантай харуул, хамгаалалтын алба гэрээт хамгаалалтын үйлчилгээ эрхэлж байсан  
Үзсэн: 7885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Харуул хамгаалалт [127.0.0.xxx] 2019-04-23 17:12
Сайн байна уу. Байгууллагууд хамгаалалтын байгууллагаа сонгохдоо хамгийн бага зардал, хамгийн муу хүнтэйг сонгодог. Угтаа таны орон гэр, албан байгууллагын чинь аюулгүй байдлыг хангаж байгаа гэдгийг ойлгодоггүй. Манай байгууллагын хувьд харилцагчдыг өөрийн оффис, ажлын орчин, 24 цагийн жижүүрүүд хэрхэн ажилладагыг харуулдаг. 9922-2235
zochin [127.0.0.xxx] 2019-04-23 11:17
Ene gereet haruul hamgaalalt hertei ajil uurgee guitsetgej chaddaggui.Neg tsagdaad ajillaj baisan hun hamgaalaltiin alba baiguulaad ternees ni naiz nuhud hamaatan sadan ni salbarlaj hamgaalaltiin ajliig SUH uuded hiij zun bolohoor oyutan huuhduudiig baga tsalingaar ajilluulah esvel hun avaad sar bolgood tsaling ni uhgui huuguud yvuuldag.Uul ni tsagdaagiin baiguullagad ajillaj baigaad tetgevertee garsan humuus mun zamiin tsagdaagiin tetgevertee garsan uls ene haruul hamgaalaltiin ajiliig hiideg baimaar.Ed nar ert tetgevertee gardag ajil huuh hasan deeree ydaj mergejliin uls tegeed duureg duurgiinhee tsagdaagiin alband haryualagddag mergejil baiguulga ni hynalt tavidag baival ih sain bna,Ydahdaa hunii bied haldah ued meergejliin shuudee bas humuust ch aihgui ch gesen aygui gegcheer tsagdaagiin hun gej harna.
Zochin [127.0.0.xxx] 2019-04-23 08:18
hamgaalaltiin Alba hamgaalaltiin nariihaa tsaling uguhgui unjdag.gereend zaasan tsalingaa ugduggui uchir orhij gardag.tegeheer shin hun awaad ahiad tsaling ni uguhgui mun l hayad garna ene ni ajiluulj Bui hamgaalaltiin alband ashigtai.dund ni mungu tsohino.hamgaalalt gej iimerhuu Alba baidag shuu.
Ж.Нанзад [127.0.0.xxx] 2019-04-23 02:17
Гэрээт харуул хамгаалалтын албаны ажилтнуудын хувцасны хангамж жигд биш.эрээн өнгөтэй л бол болно гэсэн ойлголт бий болсон.мөн харуул.хамгаалалтын ажилтны сургалт.албаны мэдээлэл огт байдгүй шүү дээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-22 22:37
БЗД 16 ХОРОО.БАЯНЗҮРХ ЗАХ.ОЛОН УДАА ХУЛГАЙ ГАРДАГ.ХАРУУЛАА СОЛИДОГГҮЙ.ГҮНДАЛАЙГИЙН ЗАХ ШҮҮ.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-22 19:38
Цалин муугаас болж халагдаж бга ш дэ. Сонгон шалгаруулж чалаагүйгээс ч гх шиг. Нийгмийн даатгал төлөхгүй, гарааны 30 мянга гэхээр яаж амьдрах вэ. Гэрээний мөнгөний 50%нь цавччхаар хэн ажиллах юм бэ. Тэгээд дээр нь үнэн дарамттай. Цаг тутам мэдээ өгсөнгүй гж цалин хасна. Хогийн ш дэ.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-22 18:16
Ажлын амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-04-22 11:10
Драгон хулалдааны төвийн хүнс барааны захын лангуунуудад байнгын бараа хулгайлагдсаар

Бидэнтэй нэгдээрэй