Шууд Chart

“Миний Монгол бичиг” улсын дөрөвдүгээр уралдааны эзэд тодорлоо

2019-04-22 14:36:35

 

Монгол туургатны “Миний Монгол бичиг” улсын дөрөвдүгээр уралдааны дүн гарч, байр эзэлсэн оролцогчдын шагналыг өнөөдөр Монгол бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн их гэрт гардууллаа.

Жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2003 онд гарсан билээ. Үүнийг угтаж дээрх арга хэмжээ зохион байгуулагдсаар байна.

“Миний Монгол бичиг” улсын уралдааны санаачлагчаар Монгол бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд, Монгол бичгийн нийгэмлэг, БСШУСЯ хамтран ажиллаа. 

Уралдааныг жил бүр ерөнхий боловсролын сурагч бага, дунд, ахлах насны гурван ангилалд (659), насанд хүрэгчид (197), мэргэжлийн багш (59), бүтээлийн (40) гэсэн нийт зургаан төрөлд 955 оролцогч өрсөлдсөн байна. 

Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны их сургуулийн Өвөр Монголын анагаах ухааны их сургууль, МУИС-д суралцаж байгаа Өвөр Монгол оюутнууд болон МБШИС-ын Буриад оюутнууд, их дээд сургууль, байгууллагын ажилчид ур ухаанаа сорьжээ. 

Мөн энэ үеэр "Титэм арт" академийн тэргүүн Э.Ариунболд, нийслэлийн 24 дүгээр сургуулийн багш Солонго, Завхан аймгийн Улиастай сумын дөрөвдүгээр сургуулийн багш Д.Юнрэндорж, Архангай аймгийн багш Долгосүрэн нарыг БСШУСЯ-наас Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч тэмдгээр шагнагдсан юм. 

Ийнхүү байр эзэлсэн уран бүтээлчдийн жагсаалтыг дараах байдлаар хүргэе. 

Энэ үеэр зарим хүний сэтгэгдлийг сонссон юм. 

Т.Галсан: Эд нар бол Монгол Улсын дархлаа мөн

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Т.Галсан.

Бичиг үсэггүй улс үндэстнийг бич, сармагчин төрлөөсөө гараад удаагүй байгаа төрөлхтөн гэж хэлдэг. Гэтэл дэлхийд зургаахан гол бичиг үсэг байдаг байхад бидний Монгол нэгнийх нь эзэн болоод явж байна. Ингэхээр бид үүгээрээ бахархахгүй байхын арга үгүй. Өнөөдөр унаганд нь уясан дааганд нь давхиулсан төдий хүүхдүүд дэлхийн бурхан шашинтны төв болж эхэлж байгаа Гандантэгчэнлин хийдийнхээ энэ сайхан номын өргөөнд ирсэн байгаа чинь Монгол бичгийн буян шүү. Хэрвээ та нар Ю.Цэдэнбал даргын бичгээр хөрөөдөөд сууж байсан бол энд ирэх амны хишиг дутна. Чингис богдынхоо хишгээр наран цацралт болгож байсны буянд энд байгаа юм. Завхан аймгийн Идэр сумаас өндөр настан хүртэл ирсэн байна. Монгол бичгийн устгасны дараа манай улсын хэмжээнд 100-гаадхан хүн  үлдсэн байсан. Эмгэнэлтэй байгаа биз. Тэгэхээр өнөөдөр энэ олон хүүхэд залуус бичиг үсгээ ингээд сайхан бичээд оролцож байгаа нь сайн хэрэг. Эд нар бол Монгол Улсын дархлаа мөн.

Ш.Чоймаа: Энэ жил л гэхэд 1000 орчим хүн өрсөлдсөн нь маш том үзүүлэлт

Монгол Улсын ардын багш, төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Чоймаа.

Чингис хаан Монгол бичгийг төрийн бичиг болгосны үндэслэлийг гаргаж өгсөн. Харин 2003 оны тавдугаар сарын эхний долоо хоногийн ням гарагийг анх удаа Үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгохоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Төрийн ордонд томоохон ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж байсан. Түүнээс хойш энэ баярын өдөр улам өргөн болохын зэрэгцээ оролцогчдын тоо нэмэгдсээр байна. Зөвхөн Монгол туургатны “Миний Монгол бичиг” улсын уралдааны тухай ярихад энэ жил л гэхэд 1000 орчим хүн өрсөлдсөн нь маш том үзүүлэлт юм.

Э.Ариунболд: “Гурван цагийн хэлхээс” бүтээл маань гран-при шагнал хүртээлээ

 “Титэм арт” академийн тэргүүн Э.Ариунболд.

Би урлагийн боловсролыг дэмжигч “Титэм арт” академийн тэргүүн. Монгол туургатны “Миний Монгол бичиг” улсын уралдаанд жил дараалан хоёр удаа оролцлоо. Бичиг үсгээ сурталчлах, олон улсад таниулах чиглэлээр сүүлийн гурван жил дагнан ажиллаж байна. Өнгөрсөн жил шавьтайгаа бүтээлийн төрөлд оролцож, шавь маань гран-при, би тэргүүн байр эзэлж байлаа. Харин энэ жил “Гурван цагийн хэлхээс” нэртэй бүтээлээрээ оролцож гран-при шагнал хүртсэндээ баяртай байна. Би судлаач мэргэжилдээ тулгуурлан хүрэл, чулуун зэвсгийн үе болон хадны сүг зураг, буган чулууны зураг, их, бага хаадын үеийн захидлууд болоод орчин цагийн нэрт яруу найрагчдын бүтээлийг сонгож хослуулж, гурван цагийн хэлхээсдээ холбон бүтээсэн юм. Өнгөрсөн жил “Их хаадын захидал” бүтээлээр оролцсоныхоо дараа ОХУ-д 18 тооны бүтээлээрээ үзэсгэлэнгээ гаргасан. Нэмж хэлэхэд энэ жил ӨМӨЗО болон ОХУ-ын Буриадад олон шавь бэлтгэсэн.

Н.Түвшинтөр: ЕБС-ийн сурагчид илүү идэвхитэй оролцдог

Монгол бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн лам Н.Түвшинтөр.

Монгол туургатны “Миний Монгол бичиг” улсын дөрөвдүгээр уралдаан Монгол бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс уламжлал болон амжилттай зохион байгуулагдлаа. Хамтран зохион байгуулагчаар Монгол бичгийн нийгэмлэг, БСШУСЯ ажиллаа. Жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2003 онд гарсан. Үүнийг угтаж энэхүү арга хэмжээ зохион байгуулагддаг юм.

Бүртгэл энэ сарын 10-19-ны хооронд онлайнаар болон оролцогчид өөрсдийн биеэр Монгол бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд ирж бүртгүүлсэн. Өнгөрсөн жилүүдийн уралдаанаас харахад ЕБС-ийн сурагчид илүү идэвхитэй оролцдог нь ажиглагдсан. Энэ жилийн уралдааны шүүгчээр шашны их сургуулийн багш Жамбал, Монгол бичгийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг, Монголын хүүхдийн ордны Монгол бичгийн багш С.Цэцэгмаа нар оролцсон.   

 









































































































Нийтэлсэн: У.Баярсайхан

“Миний Монгол бичиг” улсын дөрөвдүгээр уралдааны эзэд тодорлоо   
Үзсэн: 1029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
bicheech [127.0.0.xxx] 2019-04-23 21:08
Үндэсний бичиг соёл минь улам түгэн дэлгэрэх болтугай. Бүх шагналтнуудад баяр хүргэе.
ganaa [127.0.0.xxx] 2019-04-22 19:56
gandan hiid maani saihan zuil tsohion baiguuljeee

Бидэнтэй нэгдээрэй