Шууд Chart

“Дэлхийн номын өдөр” тохиож байна

2019-04-23 13:00:09

НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны энэ өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

“Дэлхийн номын өдөр”-ийг манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, номын сан, зохиолч, хэвлэн нийтлэгчид жил бүр тэмдэглэдэг бөгөөд нийтийн уншлагыг дэлгэрүүлэх, ном, эрдмийг сурталчлах чиглэлээр төрийн бодлого, хэрэгжилтийн хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байна.

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны аравдугаар сарын 31-ний өдрийн А/683 дугаар тушаалаар номын сан болон уншлагын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, уншлагыг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулах, тэргүүний уншигч-иргэн, гэр бүл байгууллагыг сурталчлах үйл ажиллагааг дэлгэрүүлэх зорилгоор “Уншлагыг дэмжих журам”-ыг баталсан.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, “Монголын Зохиолчдын эвлэл“, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Төв номын сангууд, хэвлэн нийтлэгчид, зохиолчид,  уншигчид хамтран  нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Дэлхийн номын өдөр”-ийг өчигдрөөс энэ сарын 25 хүртэл орон даяар тэмдэглэнэ.

 Энэ жилийн “Дэлхийн номын өдөр”-ийн арга хэмжээний хүрээнд:

  • Үндэсний номын сан болон Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн  гадна талбайд 4 дүгээр сарын 23-ны өдөр  хэвлэлийн газрууд, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг ном бүтээлээ олон нийтэд сурталчлах, борлуулах боломжийг бүрдүүлж өгнө.
  • ЗГХА Соёл, урлагийн газар, Хүүхдийн төв номын сан, МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын үндэсний төв,  Номын соёлт ертөнц ТББ хамтран “Монголын хүүхдийн уран бүтээлчдийн өдөрлөг”,  Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчдэд зориулсан сургалт зохион байгуулна.
  • Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 100 гаруй яруу найрагчдыг оролцуулсан яруу найргийн уншлагыг зохион байгуулахын зэрэгцээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу  ном хэвлэлийг сурталчилсан төрөлжсөн уралдаан, зохиолч-уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, ном унших аян, танин мэдэхүйн тэмцээн, үзэсгэлэн, ном солилцоо, зорилтот бүлгүүдэд зориулсан уралдаан,  уншлага, дүрийн тоглолт, уран зохиолын үдэшлэг зэрэг олон талт арга хэмжээг нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

 























Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дэлхийн номын өдөр” тохиож байна   
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй