Шууд Chart

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөр орон нутагт хэрэгжиж эхэллээ

2019-04-23 16:00:45

Сүүлийн үед хүүхэд, өсвөр насныхны дунд шүдний өвчлөл тулгамдсан асуудал болоод байгаа. Шүдний цоорол нь чих, хамар, хоолойн үрэвсэл, эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлийн шууд болон хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлийн дам шалтгаан болдог байна. Иймээс Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулж “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь 2019-2023 онд хэрэгжих бөгөөд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ,хүүхдийн шүдний өвчний тархалт болон цоорлыг эрчмийг бууруулах зорилготой хөтөлбөр юм.

Говь-Алтай аймгийн Алтай хотноо энэ өдөр эрүүл шүд-эрүүл хүүхэд аяны нээлтийн үйл ажиллагаа болж, 2-12 насны хүүхдийг амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд аймгийн 2-12 насны 6-12 мянган хүүхэд хамрагдах бөгөөд 2022 он гэхэд бага насны хүүхдүүдээ шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх гэнэ. 

Амны хөндийн эрүүл ахуйг сахих зан үйлийг ард иргэддээ төлөвшүүлэх, сургалт сурталчилгааны ажил гол байр суурь эзлэх гэнэ. Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүд шүдээ угаадаг байх, амны хөндийн эрүүл ахуйг сахих орчныг бүрдүүлж ажиллах юм байна. Говь-Алтай аймгийн хэмжээнд шүдний хувийн 3 эмнэлэг сонгогдоод байгаа билээ.

Эхний ээлжид 2-6 насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх гэнэ. Нэг хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар 60 мянган төгрөг зарцуулахаар тооцсон байна. Говь-Алтай аймгийн хэмжээнд 2-12 настай 12623 хүүхэд байгаа бөгөөд энэ онд 2-6 настай 5970 хүүхэд үзлэг шинжилгээнд хамрагдах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөр орон нутагт хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй