Шууд Chart

Хятадын тэнгисийн цэргийн хүчин байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна

2019-04-23 15:27:05

Хятадын тэнгисийн цэргийн хүчин байгуулагдсаны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ ойн хүрээнд Хятадын талаас олон улсын тэнгисийн цэргийн жагсаал хийж байгаа юм байна.

Мягмар гарагийн өглөөгүүр Хятадын дарга Ши Жиньпин гадаадын төлөөлөгчидтэй уулзлаа гэж "Чайна милитари" бичсэн байна. Жагсаал Хятадын зүүн эргийн боомт хот Чиндаогийн ойролцоо буюу Шар тэнгист болж байна. Энэ үеэр Хятадын тэнгисийн цэргийн хүчнээс байлдааны онгоц тээгч Лиаонинг усан онгоц, цөмийн шумбагч онгоц, сөнөөгч онгоц гэх мэт байлдааны зориулалттай 32 ширхэг хөлөг онгоц, мөн байлдааны 39 нисэх онгоцоо үзүүлж байгаа юм байна. Мөн үүнд, Япон, Орос, Энэтхэг, Австрали зэрэг 20 орчим улсын хөлөг онгоц, 60 орчим улсаас төлөөлөгчид ирж оролцоно гэж жагсаалын өмнө мэдээлсэн байна.

Олон улсын тэнгисийн цэргийн жагсаал энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ гэж "Чайна дэйли" бичжээ. Хятадын тэнгисийн цэргийн хүчин байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа энэ жагсаал тус улсыг тэнгисийн цэргийн үйл ажиллагаагаа идэвхижүүлж байна гэсэн олон улсын болгоомжлол дунд болж байгааг хэвлэлүүд сануулж байна.

Ер нь Хятад улс цаашид дэлхийн хэмжээний усан цэргийн флот байгуулах хэрэгтэй гэж албаны хүмүүс сэтгүүлчдэд ярьсан байна. Албаныхны мэдээлснээр Хятадын их удирдагч Мао Зедуны заавраар байгуулагдсан Хятадын ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэргийн хүчин өнгөрсөн хугацаанд таван төрлийн үүрэг хүлээсэн стратегийн хүчин болж хөгжөөд буй юм байна.

Эрт зарлан мэдээлэх агаарын хөлөг, шумбагч онгоц эсэргүүцэх эргүүлийн хөлөг онгоцуудаа бүрэн шинэчилж, шинэ төрлийн пуужингууд болон сөнөөгч онгоцуудаа тараан байршуулах зэргээр цэргийн техникийн хөгжилд том ахиц гаргасныг Хятадын хэвлэлд бичжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Хятадын тэнгисийн цэргийн хүчин байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй