Шууд Chart

Иранаас газрын тос импортлохоо зогсоохгүй бол хориг тавина гэв

2019-04-23 16:09:12

АНУ-ын засаг захиргаанаас өчигдөр Иранаас газрын тос бага хэмжээгээр импортлож байгаа улсуудад хандан тавдугаар сарын 1 гэхэд Иранаас газрын тос худалдан авч байгаагаа зогсоохыг шаардсан байна. Өнгөрөгч 11 дүгээр сард тогтоосон хоригоосоо тус улс Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Итали, Грек, Турк, Тайвань гэсэн найман улсыг зургаан сарын хугацаатай хоригоос чөлөөлж бага хэмжээгээр Иранаас газрын тос авахыг зөвшөөрсөн.

Гэвч энэ шийдвэрээ дахин сунгахгүй гэж АНУ-ын Засгийн газар мэдэгджээ. Зарим хэвлэлүүдэд энэ талаар хоригоос чөлөөлөгдсөн найман улс эхнээсээ Иранаас газрын тосны импорт хийхээ больсон гэж мэдээлж байсан юм.

АНУ-ын талын энэ шийдвэртэй холбоотойгоор БНХАУ Вашингтоны хоригтой нүүр тулахаар болж байгааг Хятадын хэвлэлд бичсэн байна. Учир нь газрын тосны импортоороо дэлхийд нэгдүгээрт ордог БНХАУ мөн Ираны газрын тосны гол хэрэглэгч юм. Нөгөө талаар тавдугаар сарын 1 гэдэг энэ хугацаа АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээ дахин Бээжин хотод үргэлжилж эхлэх хугацаатай давхцаж байгааг бичжээ. Тиймээс “Ираны газрын тосны нийлүүлэлттэй холбоотой Америкийн талын энэ шийдвэр АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээтэй холбоотой байж болох юм” гэж шинжээч ярьсныг уламжилжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын даваа гарагт хийсэн мэдээллээр, Ираны газрын тосны экспорт, өнгөрөгч 11 дүгээр сард Вашингтон Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээхээс өмнөх үеэс 2.5 сая баррелиар буурч, өдөрт 1.1 сая баррельд эргэлдэж буй юм байна. Иранаас гадна Венесуэлийн газрын тосны нийлүүлэлтийн эсрэг тавьсан хоригоос үүдэн зах зээлд нийлүүлэлт хомсдож, үнэ өснө гэж болгоомжилж байгаагаа худалдаачид хэлж буй юм байна.

Даваа гарагт брент газрын тосны үнэ нэг хувиар өссөнийг хэвлэлүүд мэдээлсэн юм. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, зах зээлд хомсдол үүсгэхгүйн тулд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират гэсэн хоёр гол нийлүүлэгчтэй хамтран ажиллаж байгаа гэсэн боловч Риад энэ талаар өөр мэдээлэл өгч байна.

Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид Аль Фалих “Бүтээгдэхүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх үүрэг амлалт өгөөгүй. Америкийн талын мэдэгдлийн дараа газрын тосны зах зээлд гарах өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглах болно. Зах зээлийг тэнцвэржүүлэхийн тулд бусад нийлүүлэгчидтэй хамтран ажиллах болно. ОПЕК-ийн гишүүд ирэх зургаадугаар сард уулзах товтой” гэж мэдэгджээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Иранаас газрын тос импортлохоо зогсоохгүй бол хориг тавина гэв   
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй