Шууд Chart

Шри-Ланкад болсон террорист халдлагад амь үрэгдсэн хүний тоо 290-д хүрчээ

2019-04-23 16:22:37

Шри-Ланкад болсон террорист халдлагын уршгаар амь үрэгдсэн хүний тоо 290-д хүрсэн байна. Тус улсын засгийн газраас мэдээлж байгаагаар алан хядах ажиллагааны үр дүнд гэмтэж бэртсэн хүний тоо ойролцоогоор 500-д хүрээд байгаа талаар анхааруулсан байна.

Шри-Ланка улсад 6 өөр цэгт бараг нэгэн зэрэг дэлбэрэлт болсон. Тодруулбал, зочид буудал, Коломбо хот дахь сүм болон тус хотын эргэн тойрон дахь хэсэгт түүнчлэн улсын зүүн хэсэгт дэлбэрэлт болсон. Эхний хэд хэдэн удаагийн дэлбэрэлтийн дараагаар хэдэн цаг өнгөрмөгц цагдаагийнхан энэ алан хядах ажиллагааг зохион байгуулагчдыг эрэн хайх, мөрдөн шалгах болон сэжиглэгдэж байгаа хүнийг хайх ажлаа эхлүүлсэн. Яг энэ үеэр нь мөн дахин хоёр газар дэлбэрэлт болсон байна. Мөрдөгчдийн хэлж байгаагаар, эдгээр 6 газар болсон дэлбэрэлтийг алан хядагч амиа золиослогч этгээдүүд үйлдсэн, мөн эртнээс сайн зохион байгуулж, төлөвлөж байсан гэж мэдээлсэн байна.

Мөн тэдний үзэж байгаагаар алан хядагчдын гол зорилго бол гадаадын иргэд болон христэд итгэгчид байсан гэжээ. Эрх баригчдын мэдээлж байгаагаар, гурван зочид буудлын зоогийн газарт дэлбэрэлт болсон гэлээ. Харин Шангри-Ла зочид буудлын зоогийн газарт өглөөний цайны үеэр хөл хөдөлгөөн их байх үеэр амиа золиослогч хоёр этгээд дэлбэрэлтийг зохион байгуулсан байна. Мөрдөн байцаагчдын хэлснээр, энэхүү алан хядах дайралт, зохион байгуулалттай ажиллагааны үеэр олон хүн амь үрэгдсэн гэсэн байна. Тус улсын гадаад хэргийн яамнаас өгсөн мэдээллээр энэхүү дэлбэрэлтэд 13 улсын 30 иргэн өртөж нас барсан байна.

Одоогоор зочид буудлаар үйлчлүүлсэн нийт хүмүүсийн бүртгэлийг үндэслэн хэрэгтнийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Одоогийн байдлаар энэ хэрэгт холбогдуулан 24 хүнийг сэжиглэн саатуулаад байгаа гэж мэдээлж байна. Тэднийг алан хядах исламын бүлэглийн дайчид мөн эсэх тал дээр тодорхой мэдээлэл гарч ирээгүй байгаа гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шри-Ланкад болсон террорист халдлагад амь үрэгдсэн хүний тоо 290-д хүрчээ  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй