Шууд Chart

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2019-04-23 16:43:48

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.23/ хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцууллаа.

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хорооны дөрөвдүгээр дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураасан бөгөөд хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Эрдэнэбат нараас зарим томьёоллыг сайжруулах, зарчмын болон найруулгын саналыг тусад нь салгах санал гаргасны дагуу Байнгын хорооны даргаас өгсөн чиглэлийн хүрээнд ажлын хэсэг дахин ажилласныг танилцуулгын эхэнд дурдсан.

Ингэхдээ өмнөх хуралдаан дээр санал хураалгүй үлдээсэн хоёр томьёоллыг засаж найруулсан байна. Төслийн 19.1 дэх хэсгийн хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг тодорхойлсон хэсгийг өөрчлөн найруулж, төсөлд 19.2.4 дэх заалт шинээр нэмэх 22 дугаар саналын томьёоллын “хэмжил зүйн мэргэжлийн байгууллагыг томилох” гэснийг  “хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын эрх олгох”  гэж өөрчилжээ.

Хуулийн төсөлд Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хориглох зүйл гэсэн 23 дугаар зүйл шинээр нэмэх томьёолол олонхийн дэмжлэг аваагүйтэй холбогдуулан төслийн 22 дугаар зүйлд хүн, мал эмнэлгийн оношлогоо, эмчилгээ, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, улсыг батлан хамгаалах үйл ажиллагаанд болон худалдаа, үйлчилгээнд зөвхөн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн хэмжих хэрэгслийг хэрэглэх, үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэсэн заалт шинээр нэмэх томьёолол бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд зарчмын болон найруулгаар ялган томьёолсон санал тус бүрээр санал хураалт явуулж, анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй