Шууд Chart

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний төслийг зөвшилцөв

2019-04-23 17:37:26

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.04.23) хуралдаан  Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудал хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд 1992 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Беларусь Улс нь 2014 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн бөгөөд харин Минск хотноо Монголын Улсын Элчин сайдын яамыг нээх асуудал шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа нь хоёр улсын харилцаа сүүлийн жилд эрчимтэй хөгжиж буйн нэг илрэл юм гэдгийг салбарын сайд онцоллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гуравдагч хөрш болон бусад улстай уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, худалдаа, эдийн засгийн харилцааны хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгнө гэж заасан. Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улстай, түүний дотор тус бүс нутаг дахь манай түнш орны нэг Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон Бүгд Найрамдах Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна.

Хоёр улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулах чиглэлээр удаан хугацааны турш яригдсан бөгөөд хэд хэдэн удаа төсөл солилцсон боловч одоог хүртэл байгуулаагүй явж ирсэн. Энэхүү гэрээнд талууд улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, зам тээвэр, шинжлэх ухаан, техник, нийгэм, соёл, хүмүүнлэг, хөдөө аж ахуйн болон харилцан сонирхсон бусад салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгасан бөгөөд гэрээг байгуулснаар хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс болно гэж Засгийн газар үзэж байгааг сайд хэллээ.

Монгол Улс одоогоор ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Унгар Улс зэрэг нийт 14 улстай “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ" байгуулан улс төр, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж иржээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, О.Содбилэг нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд үг хэлж гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов. 


Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний төслийг зөвшилцөв  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй