Шууд Chart

Шри-Ланкад болсон цуврал халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл хүлээлээ

2019-04-24 12:31:20

Шри-Ланкад болсон цуврал халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл хүлээлээ. Тэд энэ мэдэгдлээ “АМАК” гэдэг мэдээллийн агентлагаараа дамжуулан хийсэн байна.

Зарим хэвлэлд бичсэнээр алан хядах бүлгийнхэн "Исламын улс" бүлэглэлд үнэнчээр зүтгэнэ гэж хэлцгээж байгаа хар хувцастай хүмүүсийг халдлагыг үйлдсэн амиа золиослогчид гэж харуулж буй дүрс бичлэг нийтэлжээ. Одоогоор энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.

Энэ зуурт Коломбо хотын халдлагад өртөж нас барсан хүмүүсийн тоо 359-д хүрээд байна. Халдлагын талаар Шри-Ланкын Засгийн газраас мягмар гарагт мэдээлэхдээ, амиа золиослогчид гадаадад бэлтгэгдэж байсан байж магадгүй гэсэн байна.

“Халдлага үйлдсэн зэвсэгт бүлгийн дийлэнх гишүүнийг хэн гэдгийг нь тогтоосон. Тэднээс нэг эрэгтэй удирдагч болох нь илэрхий байна” гэж Шри-Ланкын Ерөнхий сайд Ранил Викрамасингхе ярьсан байна.

Харин Шри-Ланкын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена мягмар гарагт телевизээр мэдэгдэл хийж, батлан хамгаалах, цэрэг, тагнуулын байгууллагуудынхаа удирдлагуудын солино гэж Шри-Ланкын Ерөнхийлөгч мэдэгджээ. Мөн тэрбээр албаныхан гадаадын тагнуулын байгууллагаас мэдээлэл авчихаад надад мэдэгдээгүй гэж буруутгасан байна.

Учир нь “Энэтхэгийн тагнуулын албанаас халдлага болохоос хоёр цагийн өмнө Шри-Ланкын ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагад анхааруулга өгсөн байхад албаныхан яагаад урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй вэ” гэдэг асуудлаар тус улсын Засгийн газарт ихээхэн дарамт шахалт ирж, эрх баригчид нь энэ асуудлаар хагаралдах болсон байна.

Үүнээс гадна тус улсын Батлан хамгаалахын сайд Руан Вижевардене парламентийн гишүүдэд тайлбар хийхдээ аюулгүй байдлын систем нь сул дорой байна гэж шүүмжлээд, Шри-Ланкад үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл Тавийд Жамат” гэдэг бүлгээс гадна мөн тус улсын “Жаммиатул Миллатха Ибрахим” гэдэг зэвсэгт бүлэг холбоотой гэж ярьсан байна.

Мөн “Коломбо хотод болсон цуврал халдлага өнгөрөгч гуравдугаар сард Шинэ Зеландад баасан гарагийн мөргөлийн үеэр хоёр сүмд болсон халдлагатай холбоотой” гэж албаныхан үзэж байгаа талаар Батлан хамгаалахын орлогч сайд парламентад ярьсан байна.

Халдлагын улмаас мягмар гарагийг Шри-Ланка даяар эмгэнэлийн өдөр болгон зарласан. Энэ үеэр Шри-Ланкын зэвсэгт хүчин 2009 оны сүүлчээр болсон иргэний дайны үеэр хүч нэмэгдүүлж байсан цагдаагийн тусгай хүчнийхнийг дайчилсан байна. Үүнээс гадна халдлагын хэргийг мөрдөхөд АНУ зэрэг улс орнуудын тагнуулын байгууллагаас хамтран ажиллаж эхэлсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Шри-Ланкад болсон цуврал халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл хүлээлээ  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй