Шууд Chart

Террорист халдлага үйлдсэн этгээдүүдийн дийлэнх нь чинээлэг гэр бүлээс гаралтай байсныг мэдэгдэв

2019-04-25 14:48:15

Шри-Ланкад амиа золиослогч алан хядагчид 6 цэгт нэгэн зэрэг бөмбөг дэлбэлж, олон арван энгийн номхон иргэдийн аминд хүрсэн. Цагдаагынханы мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд 20 гаруй хүнийг сэжиглэн саатуулсан. Тэгвэл тус террорист халдлагыг үйлдсэн этгээдүүдийн дийлэнх нь чинээлэг гэр бүлээс гаралтай хүмүүс байсныг тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна.

Шри-Ланкийн мөрдөн шалгах газраас өгсөн мэдээллээр, өнгөрөгч ням гаригт болсон дэлбэрэлтийн улмаас олон арван хүн амиа алдсан явдалд 9 хүнийг албан ёсоор буруутган тэдэнд хариуцлага үүрүүлэх талаар мэдэгдсэн байна. 9 хүний нэг эмэгтэй хүн байсныг хэлж байна. Шри-Ланкийн Коломбо болон бусад томоохон хотуудын 6 өөр өөр байршил бүхий цэгт бараг нэгэн зэрэг дэлбэрэлт болсон. Үүний уршгаар 359 хүн харамсалтайгаар амиа алдсан бол ойролцоогоор 500 хүн бэртэж, гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Шри-ланк улсын батлан хамгаалахын сайд Руван Вижевардений хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд мэдээлснээр, энэ хэрэгт буруутгагдаад байгаа 9 алан хядагчдын 8 нь амиа золиослон олон хүний газар бөмбөг дэлбэлсэн гэлээ. Эх сурвалжуудын мэдэгдсэнээр, амиа золиослогчдын ихэнх нь чинээлэг гэр бүлээс гаралтай, сэхээтэн төдийгүй зарим нь хилийн чанадад суралцаж амьдардаг байсан гэж онцолжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Шри-Ланкийн эрх баригчид АНЭУ, Австрали, Энэтхэг, Их Британи, АНУ-ыг “Исламын улс” террорист бүлэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд тусалж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Тус улсад онц байдал зарлаад байгаа. 360 орчим хүний амь нас эрсэдсэн явдлын дараагаар Шри-Ланкад иргэдийн уур амьсгал түгшүүртэй болсон. Мөн тус улсыг зорих аялагч, жуулчдын хөдөлгөөнийг хориод эхэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Террорист халдлага үйлдсэн этгээдүүдийн дийлэнх нь чинээлэг гэр бүлээс гаралтай байсныг мэдэгдэв  
Үзсэн: 272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй