Шууд Chart

"Түр хороо байгуулах тухай" тогтоолын төслийг батлав

2019-04-25 14:56:18

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг  22 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын таван гишүүнээс өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэв.

Өмнөх чуулганы хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тул хэлэлцэх эсэх талаар санал хураалт явууллаа. Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн. Иймд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүнээс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан. Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйны байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай  холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. 

Ингээд Байнгын хорооны саналаар “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.6 хувь нь  дэмжсэн тул,  тогтоолын төсөл батлагдлаа.


"Түр хороо байгуулах тухай" тогтоолын төслийг батлав  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй