Шууд Chart

Дүүргүүд нүүлгэн шилжүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж байна

2019-04-25 15:45:55

НЗДТГ, ОБЕГ-тай хамтран зохион байгуулж буй Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр өглөө 07.30-09.30 цагийн хооронд нийслэлийн авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан бөгөөд нийт 60 цэгт байршуулсан зарлан мэдээллийн дуут дохио 08.00 цагт дуугарснаар иргэд  өөрт ойрхон цуглах талбайд гарч болзошгүй гамшгийн үед бэлэн эсэхээ шалгав. Өдгөө газар хөдлөлтийн гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, хотын удирдлагын баг Хан-Уул, Баянгол дүүргийн нүүлгэн шийлжүүлэлтийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Манай дүүргийн хэмжээнд 500 хүнийг нүүлгэн шилжүүлэх байрыг бэлтгэсэн. Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, сайн дурын байгууллагынхны оролцоог бүрэн хангасан. Яаралтай тохиолдолд энэ хэмжээний нүүлгэн шилжүүлэх байрыг 24 цагийн дотор босгох боломжтой” хэмээн хэлж байв.

Харин Баянгол дүүргийнхэн “ДЦС-IV”-ийн урд буюу Дүүргийн агропаркийнхаа талбайд иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа аж. Тэд нийт 543 хүнийг нүүлгэн шилжүүлж, анхны тусламжаас авахуулаад бүхий л үйлчилгээг үзүүлж байгаа юм байна. Нүүн шилжих дадлага сургуульд нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцлоо. Уг дадлага сургуулийн зорилго нь болзошгүй аюул, осол, гамшгийн үед иргэд олон нийт өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгоход чиглэж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, нийслэлийн Онцгой комиссын дэд дарга Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотноо  гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг маш олон жилийн дараа хийж байна. Өнөөдрийн арга хэмжээнд иргэд маш идэвхтэй оролцлоо. Гэхдээ иргэд маань болзошгүй гамшигт бэлэн бус байгаа нь ажиглагдаж байна. Гамшгаас хамгаалах сургалт бол иргэдэд тараасан бүртгэлийн цааасан дээр зөвхөн тамга дараад, ажилд нь явуулах, эсвэл гэртээ буцаж харихад зориулагдаагүй гэдгийг ойлгоорой. Гамшиг болсон тохиолдолд бид иргэдэд цуглах талбай дээр эхний ээлжийн үйлчилгээг үзүүлээд дараагийн арга хэмжээг авах зохион байгуулалтад оруулах зорилготой. Харин иргэд олон нийт бүртгэлийн хуудсан дээр тамгаа хурдан дарсангүй гэж бухимдаж байна. Аливаа гамшиг тохиолдсон үед иргэд яарч сандралгүй тайван байж, нэгдсэн зохион байгуулалттайгаар мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөг авах учиртай” хэмээн тайлбарлалаа.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн арга хэмжээнд иргэд маш идэвхтэй оролцож байна. Бүртгэлийн асуудал дээр л хүндрэл гарлаа. Үүнийг цаашдаа авч хэрэгжүүлэх арга хэмжээн дээрээ бодолцох ёстой зүйл гэдгийг практикаас харлаа. Газар хөдлөлтийн гамшигтай холбоотой мэдээллийг 111 аюулгүйн талбайд цугласан иргэд, оршин суугчдад хүргэлээ. Одоо бид үргэлжлүүлээд газар хөдлөлтийн гамшигт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуультай танилцаж байна” гэлээ.

Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн талбайд иргэдийг хээрийн нөхцөлд амьдруулах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлснээс гадна ариун цэврийн байгууламж, банкны үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн бүх үйлчилгээг энд төвлөрүүлжээ. Мөн төрийн бус байгууллагууд, сайн дурынхан ирж иргэдэд шуурдлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байлаа. Ингээд сургуулийн удирдагч болон хотын удирдлагууд хээрийн эмнэлэг, аврах ажиллагааны дадлага сургуулийг үзэж, танилцахаар цааш хөдөлсөн юм. Мөн үдээс хойш Танхимын команд штабын дадлага сургуулиар өнөөдрийн үйл ажиллагаа үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Дүүргүүд нүүлгэн шилжүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж байна  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй