Шууд Chart

Г.Мэнд-Ооёо, Д.Урианхай тэргүүтэй найрагчид жазз хөгжмийн аялгуунд шүлгээ уншижээ

2019-04-26 11:35:46

Америкийн яруу найргийн акедемиас 1996 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарыг Үндэсний яруу найргийн сар хэмээн зарлаж, тогтмол тэмдэглэж ирсэн бөгөөд эдүгээ тус улсад хамгийн өргөн хүрээнд тэмдэглэдэг утга зохиолын баяр болон өргөжин хөгжжээ.  

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын ЭСЯ, Монголын соёл, яруу найргийн академи хамтран Америкийн яруу найраг болон жазз хөгжмийн сарыг тэмдэглэсэн байна.

Уг арга хэмжээнд АНУ-ын Элчин сайд Майкл Клечески, Монголын соёл, яруу найргийн Академийн ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Бичгийн сод туурвигч, Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч  Д.Урианхай тэргүүт Монголын яруу найрагчид, орчуулагчид, утга соёлын нэрт зүтгэлтнүүд, залуу шүлэгчид, утга зохиолын ангийн оюутнууд оролцож, өөрсдийн хамгийн дуртай хүндэлж явдаг яруу найрагчдын бүтээлүүдээс англи, Монгол хэлээр уншижээ.

  

Монголын соёл, яруу найргийн Академийн хувьд 2010, 2011 онд "Америкийн яруу найраг" хэмээх хоёр боть номыг АНУ-ын элчин сайдын яамтай хамтран эрхлэн хэвлүүлж, яруу найрагт дуртай уншигчдын хүртээл болгосон билээ.

Энэ удаагийн уншлагад дээрх хоёр боть номд орсон шүлгүүдээс болон тухайн үед орчуулж бэлтгээд зохиогчийн эрхийн улмаас номуудад оруулж чадаагүй орчуулгуудыг, мөн шинээр орчуулсан шүлгүүдийг уншиж сонордуулжээ.

Тухайлбал,

  • Америкийн алдартай яруу найрагч Элизабет Вышопийн шүлгээс Д.Урианхай,
  • Иосиф Бродскийн шүлгээс Г.Мэнд-Ооёо,
  • Стефан Крейний шүлгийг Ц.Оюундарь,
  • Ральф Валдо Эмерсоны шүлгээс Г.Дэлгэрмаа, Кей Рэйний шүлгээс Б.Баясгалан,
  • Памела Хартын шүлгээс О.Мөнхнаран нар уншсан бол,
  • АНУ-ын Элчин сайд Майкл Клечески бээр Роберт Фрост болон Наташа Трефевэй нарын шүлгээс уншиж өөрийн дуртай шүлгээ хуваалцлаа.

Яруу найргийн уншлагыг жазз хөгжмийн хамтлагийн дуу аялгуугаар хөглөсөн байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Мэнд-Ооёо, Д.Урианхай тэргүүтэй найрагчид жазз хөгжмийн аялгуунд шүлгээ уншижээ   
Үзсэн: 255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй