Шууд Chart

Монгол-Америкийн Худалдаа хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны хуралдаан болов

2019-04-26 12:37:56

Монгол-Америкийн Худалдаа хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны зургаадугаар хуралдаан 2019 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдав. Хуралдааныг манай талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын талаас Худалдааны төлөөлөгчийн орлогч Жеффри Герриш нээж үг хэлэв.

Талуудын 2004 онд байгуулсан “Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороог байгуулсан бөгөөд хоёр талын худалдааны тарифын болон тарифын бус саад тотгор, оюуны өмчийн эрх, хөдөлмөр, байгаль орчин, ил тод байдал, хөрөнгө оруулалтын орчин зэрэг асуудлаар яриа хэлэлцээ хийж ирсэн юм. Хамтарсан хорооны 5 дугаар хуралдааныг 2015 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан ба ээлжит хуралдааныг ийнхүү дөрвөн жилийн дараа дахин зохион байгуулав.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын Худалдааны туслах төлөөлөгч Террэнс Ж.Маккартин нар хуралдааныг даргалж, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилт, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, татвар, оюуны өмчийн салбарын хууль эрх зүйн орчин болон худалдааг хөнгөвчлөх, бизнес төлөөлөгчдийг цаашид харилцан айлчлуулах зэрэг асуудлаар мэдээлэл солилцож, тохиролцов.

Энэхүү хуралдаан нь Талуудын 2018 оны 9 дүгээр сард харилцан тохирсон “Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг хэрэгжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг АНУ-тай хөгжүүлж буй улс төр, цэрэг-батлан хамгаалахын харилцаатай ижил түвшинд хүргэхэд чухал үр дүн үзүүлэх юм.


Монгол-Америкийн Худалдаа хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны хуралдаан болов   
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй