Шууд Chart

Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департамент хоорондын консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов

2019-04-26 12:44:04

Монгол Улс, АНУ-ын ГХЯ хоорондын консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Вашингтон хотноо боллоо. Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, америкийн талын төлөөлөгчдийг АНУ-ын Төрийн Департаментын Туслах төрийн нарийн бичгийн дарга Эдвард Ж. Рамотовски нар тус тус тэргүүлсэн бөгөөд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Сан Франциско дахь ЕКГ болон Нью-Йорк дахь БТГ-ын төлөөлөл оролцов.

Консулын энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь Монгол, АНУ-ын хооронд консулын асуудлаар тусгайлан санал солилцох бие даасан сувгийг нээсэн гэдгээрээ онцлог бөгөөд зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр талын консулын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ, ГХЯ-ны хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аян олон нийтэд хүрч, тодорхой үр дүнд хүрч буйг сайшаав.

Мөн энэ удаагийн уулзалтаар Монгол Улс АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт 2019 онд үргэлжлүүлэн хамрагдаж байгаатай холбогдуулан цаашид монгол иргэдийг өргөнөөр хамруулах боломжийг эрэлхийлэхээр тогтсоноос гадна Монгол Улс алсдаа АНУ-ын визээс чөлөөлөх хөтөлбөрт хамрагдах шалгуур үзүүлэлтүүдийг хангах зорилт тавин шат дараатай арга хэмжээ авч байгааг АНУ-ын талд мөн мэдэгдсэн болно.


Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департамент хоорондын консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов  
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй