Шууд Chart

“Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөр гурав дахь жилдээ зарлагджээ

2019-04-26 12:48:37

Монголын авьяаслаг залуу уран бүтээлчдийг дэмжиж, бүтээлээ дэлхий нийтэд танилцуулах боломж олгодог “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөр гурав дахь жилдээ зарлагджээ. “Хаан” банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч “Хаан” банк сан, Монголын урлагийн зөвлөл болон Америк дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран дээрх банкны гүйцэтгэх захирал, МУЗ-ийн дэд тэргүүн агсан Питер Морроугийн гэгээн дурсгалд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр юм.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жилд нэг шилдэг уран бүтээлчийг сонгон шалгаруулж, олон улсын томоохон үзэсгэлэн, наадамд оролцуулахад тэтгэлэг олгодгоороо онцлогтой.

2019 оны тухайд “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг уран бүтээлч Нидерландын Вант Улсад өнгөрсөн есдүгээр сарын 19-22-нд болох 15 дахь удаагийн “Todays Art” олон улсын наадамд оролцохоос гадна “Хаан” галерейд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй гаргах эрхтэй болох юм.

“Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн энэ жилийн онцлог нь дуу авианы урлаг буюу "Sound art & sound installation" төрлөөр бүтээл туурвидаг, 25-45 насны мэргэжлийн уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаад буй.

Сонгон шалгаруулалтад өгөх бүтээл нь 2018 оноос хойш бүтээгдсэн, бүрэн гүйцэтгэлтэй байх төдийгүй тухайн уран бүтээлч өөрийн дэлгэрэнгүй намтар, бүтээлийнхээ ерөнхий танилцуулгыг англи хэл дээр бичиж ирүүлэх ёстой.

Өргөдлийг холбогдох материалын хамт ирэх зургадугаар сарын 3-ны дотор culture@artscouncil.mn хаягаар хүлээн авах аж.

Шалгаруулалтыг “Хаан” банк сан, МУЗ-ийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэх юм байна.

Сонгон шалгаруулалтын дүнг ирэх зургадугаар сарын 11-нд олон нийтэд зарлах аж.  

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөр гурав дахь жилдээ зарлагджээ  
Үзсэн: 195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй