Шууд Chart

Цуврал халдлагын үеэр амиа алдсан хүний тоо "буурчээ"

2019-04-26 13:20:21

Шри-Ланкад болсон цуврал алан хядах ажиллагаанд 359 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан. Тэгвэл одоо энэ тоо “253 орчим” болж буурчээ. Амиа алдсан хүмүүсийн тоо 100 гаруйгаар багассан нь тооцооллын алдаа гарсантай холбоотой гэж Шри-Ланкын засаг захиргааны мэдээлэлд үндэслэн “Би-Би-Си” агентлаг мэдээлсэн байна. Энэ улсын Батлан хамгаалахын дэд сайд Руван Виживардене мэдээлэхдээ цогцос хадгалах газрууд хохирогчдын тоог буруу мэдээлснээс болж зөрүүтэй тоо гарсан гэжээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлж байгаагаар амиа алдсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийх ажиллагаа пүрэв гарагийн орой дууссан байна. Энэ үеэр олон хохирогчийг хэд дахин тоолсон нь илэрчээ.

Халдлага үйлдэгчид Коломбо хотын зочид буудал, сүмүүд, мөн Баттикалоа хотод бөмбөг тэсэлсэн юм. Энэ үеэр олон хүн шархадсан байна. Амиа алдсан хүмүүсийн олонх нь Шри-Ланкын иргэд байсан. Мөн гадаадын цөөнгүй иргэн алан хядах ажиллагаанд өртжээ. Цагдаагийн газраас халдлагад есөн хүнийг буруутай гэж үзсэн байна. Мөн цагдаа нар орон даяар долоон хүний зургийг тарааж, эрэн сурвалжилж байгаа юм. Одоогийн байдлаар 70 хүн саатуулсны тав нь эмэгтэй байна.

Энэ улсын төв хэсэгт явуулсан нэгжлэг шалгалтын ажиллагааны үеэр тэсрэх төхөөрөмжид зориулагдсан 200 гаруй бялттай агуулах хүртэл олдсон байна. Нийслэлээс гурван хүнийг 21 гранат, зургаан нэгж хүйтэн зэвсэг, гар аргаар хийсэн тэсрэх төхөөрөмж хадгалж байсан хэргээр саатуулжээ.

Шри-Ланкын засаг захиргаанаас энэ хэрэгт орон нутгийн “Тоухид Жамат” исламист бүлэглэлийг буруутгасан боловч алан хядагчид хилийн чанадаас дэмжлэг авсан нь тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл, “Исламын улс” бүлэглэл халдлагыг хариуцлагыг хүлээж, энэ халдлагад оролцсон гэх найман хүний дүрс бүхий бичлэгийг цацсан байна.

Цуврал алан хядах ажиллагааны улмаас Шри-Ланк дахь лалын шашинтнууд хилс хэрэгт өртөх төлөвтэй байна. Тэдний олонх нь лалын шашны ахмади урсгалыг шүтдэг. Ялангуяа Негомбо мужид ахмади лалын шашинтнууд олон болохоор зарим нь лалын сүмд цагдаагийн хамгаалалт дор нуугдан амьдарч байна. Ялангуяа лалын шашинт эмэгтэйчүүдийг гадуур гарахдаа нүүрээ халхалсан алчуураа зүүхгүй байхыг уриалжээ.

Шри-Ланкын Ерөнхий сайд Ранил Викремесингх цөөн тооны ахмади лалын шашинтнууд халдлагад өртсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тус улс 21 сая хүн амтай. Үүний 10 хувь нь лалын шашинтан юм.

Үүнээс гадна Шри-Ланкад гарсан халдлага эдийн засаг, бизнест ч нөлөөлж байна. Шри-Ланкын үндэсний валютын ханш унаж, бизнес эрхлэгчид, худалдаачид эрэлт хумигдсан гэж мэдээлж байна. Мөн аялал жуулчлалын салбар ч эрсдэлд оржээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Цуврал халдлагын үеэр амиа алдсан хүний тоо "буурчээ"   
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй