Шууд Chart

Ким Жон Намыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Вьетнамын иргэнийг суллана

2019-04-26 13:59:43

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намыг хөнөөсөн хэргээр Малайзад ял эдэлж байгаа Вьетнамын иргэн тавдугаар сарын 3-ны өдөр суллагдана. “Доан Тхи Хёонг бямба гарагийн үдээс өмнө суллагдаж, орой нь эх орон руугаа буцна” гэж 30 настай бүсгүйн өмгөөлөгч “Стар” хэвлэлд батлан хэлсэн байна.

Малайзын Дээд шүүхээс энэ сарын 1-нд түүний “санаатайгаар хүний аминд хүрсэн” гэж ялласан зүйл заалтыг “хүний эрүүл мэндэд хохирол учруулж, үхэлд хүргэсэн” болгон өөрчилсөн юм. Ингэснээр ялын хэмжээ багасч, гурван жил дөрвөн сар хорих болон өөрчлөгджээ. Үүнд Вьетнамын иргэний хориход саатуулагдсан өдрийг тооцсон байна.

Малайзын шүүхээс энэ хэрэгт холбогдсон Индонезийн иргэн, 25 настай бүсгүйг өнгөрөгч гуравдугаар сард шүүхийн танхимаас шууд сулласан. Улсын яллагч түүнийг гэм буруугүй гэж үзэж, бүсгүй тэр өдөртөө эх орон руугаа буцсан билээ. Прокурорууд эхэндээ бүсгүйчүүдийг аллагад бэлтгэж байсныг мэдэж байсан гэж үзээд, тэдэнд цаазын ял оноохыг шаардсан юм. Харин өмгөөлөгчид нь бүсгүйчүүдийг хордуулах төлөвлөгөөг мэдээгүй, нууц камераар бичигдэх тоглоом тохуу хийдэг нэвтрүүлэгт л оролцож байна гэж бодсон гэж мэдэгджээ.

Ким Жон Нам өнгөрөгч 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд байхдаа хорт бодист өртөж, эмнэлэг хүргэгдэх замдаа өөд болсон юм. Тэрбээр амьсгал хураахаасаа өмнөхөн хэн нэгэн нүүр рүү нь шингэн зүйл цацаад зугтсан гэж мэдэгджээ. Малайзын засаг захиргаанаас түүнийг “Ви-Экс” хэмээх мэдрэл-сэтгэцэд нөлөөлөх бодист хордож нас барсан болохыг тогтоосон байна. 

Энэ хэрэг гарсан даруйд Индонез, Вьетнам бүсгүйчүүдээс гадна Умард Солонгосын нэгэн иргэнийг баривчилжээ. Мөн Умард Солонгосын дөрвөн иргэн энэ хэрэг гарсан өдөр Куала-Лумпураас явсан, өдгөө Пехньянд байгаа гэж Малайзын Цагдаагийн газар үзэж байна. Тэднийг Интерполоор хайж байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Жон Намыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Вьетнамын иргэнийг суллана   
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй