Шууд Chart

НҮБ-ын аюулгүйн зөвлөл Украины хүсэлтээр шуурхай хуралдахаар боллоо

2019-04-26 14:13:01

НҮБ-ын аюулгүйн зөвлөл Украины хүсэлтээр  шуурхай хуралдаан хийхээр болсон  байна. Энэ нь Украины  зүүн нутаг буюу Донбассийн оршин суугчдад ОХУ-ын паспортыг  хялбаршуулсан журмаар  олгох  Москвагийн  шийдвэртэй холбоотой  юм.  Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг  4 р сарын 25 ны  15  цагт товлоод  байна.

Ерөнхийлөгч Владимир Путин хялбаршуулсан журмаар ОХУ-ын иргэншил олгох тухай зарлигт өчигдөр гарын үсэг зурж баталсан юм.  Үүнд  Украины Донецк, Луганск мужуудын  тодорхой газар нутгуудад байнгын оршин суугч  иргэд хамаарах  юм байна. Ерөнхийлөгч Путин  энэ шийдвэрээ   зөвхөн хүмүүнлэгийн зорилготой хэмээн баталсан  байна. Мөн дангаар тусгаар тогтнолоо зарласан Донецк Луганскийн бүгд найрамдах улсуудад амьдарч байгаа хүмүүсийн иргэний эрх бүрэн зөрчигдсөн  энэ нөхцөл байдалтай  эвлэрч суух аргагүй байгааг тэмдэглэн хэлсэн  байна.  Гэхдээ  тэрээр  энэ шийдвэрээрээ  Украины шинэ ерөнхийлөгчийн засаг захиргаанд  асуудал үүсгэх гээгүй  гэдгээ онцлон тэмдэглэсэн байна. 

Харин ирэх 5-р сард бүрэн эрхийнх нь хугацаа дуусах гэж байгаа Украины Ерөнхийлөгч Петр Порощенко Москвагийн энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж  гадаад хэргийн яамандаа НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлан хуралдуулах хүсэлт гаргахыг үүрэг болгосон  байна.  Үүнийхээ хамтаар  Ерөнхийлөгч Порощенко ийм хууль баталсантай нь холбоотойгоор ОХУ-ын  эсрэг авсан хориг арга хэмжээгээ улам бүр чангатгахыг олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудад уриалсан юм. Шинээр Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Зеленскийгийн хувьд  2 дахь  шатны өрсөлдөөний өмнө  Донбасст  тодорхой статус  олгохын  эсрэг байгаагаа илэрхийлж байсныг өчигдөр  ажиглагчид сануулж байна.  Түүнчлэн  Зеленский  зүүн өмнөд нутгийн хямрал мөргөлдөөнийг  шийдвэрлэхэд их цаг хугацаа орохыг анхааруулж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын аюулгүйн зөвлөл Украины хүсэлтээр шуурхай хуралдахаар боллоо  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй