Шууд Chart

Монгол-Америкийн худалдаа хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны хамтарсан мэдэгдэл

2019-04-26 14:26:21

Монгол Улс, АНУ-ын хоорондын 2004 оны Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулсан Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын Хамтарсан хороо энэ оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Вашингтон хотноо хуралдаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын Худалдааны туслах төлөөлөгч Террэнс Ж.Маккартин нар даргалав.

Хуралдааны үеэр Талууд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой болон 2018 оны 9 дүгээр сард тохирсон “Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн замын зураглал”-ын ач холбогдлыг онцолж, тус хуралдаан нь Монгол Улсын зах зээлд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг тэмдэглэв.

Хуралдаанаар Монгол Улс болон АНУ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хүрээнд ил тод байдал, хөрөнгө оруулалтын орчин, оюуны өмчийн эрх, монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт, АНУ-ын Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP), худалдааг хөнгөвчлөх, хөхиүлэн дэмжих зэрэг өргөн хүрээний асуудлаар харилцан санал солилцов.

2018 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 131 сая ам.доллар болж, 2017 оныхоос 47.1 хувиар өсчээ. Харин АНУ-ын манай улсад оруулсан хөрөнгө оруулалт 2017 онд 147 сая ам.доллар болж 2016 онтой харьцуулахад 63.3 хувиар өссөн байна.

Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны ээлжит уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. 


Монгол-Америкийн худалдаа хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны хамтарсан мэдэгдэл   
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй