Шууд Chart

Аюул ирэхэд аврал ч эрж амжихгүй нь

2019-04-30 10:17:54

Нийслэлийг түймэрдэж мэдэх олон шатахуун түгээх станц, газ түгээдэг газар хүн ам шигүү төвлөрсөн нутаг дэвсгэрт ажилласаар байна. Хамгийн сүүлд л гэхэд дөрөвдүгээр сарын 2-ны өдөр СХД-ийн 8-р хороонд байрлах “Синчи газ”-аас ойролцоогоор 613 литр хий алдагдлаа. Үүнийг урьдчилсан  байдлаар тооцоолж гаргасан тоо гэдгийг энд сануулъя. Хэрэв нөхцөл байдал буруугаар эргэж гал гарсан бол томоохон хэмжээний талбайг хамарсан дэлбэрэлт болох байлаа. Тодруулбал “Синчи газ”-ын барилга, байгууламжийг “Улсын комисс” хүлээж аваагүй байхад өөрсдөө дур мэдэн борлуулалт хийж байгаад хий алджээ. Энэ бол иргэдийн амьд явах эрхэд ноцтой халдсан үйлдэл. Тухайн газарт оршин суугаа иргэд айдастай байна. Өнөө маргаашийн ашиг хонжоо чухал уу? үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа чухал уу? Энэ сэдвийн хүрээнд бодит баримт дэлгэе.

Баримт 1: 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Синчи группийн ажиллуулдаг “Синчи газ” хий түгээх станцаас “хий” алдагдав. Ойролцоогоор 610 гаруй литр хий алдсан байх магадлалтай. Энэ үйл явдал оройн 16 цагт болсон ч ажилчид нь 20-30 минутын дараа мэджээ.

Хий алдаж эхэлснээс хойш 20-30 минут юу ч хийлгүй хугацаа алдана гэдэг аюулыг сөрөх байтугай үүдээ нээж өгснөөс өөрцгүй. Энэ хооронд хэрэг буруугаар эргэсэн бол хэдэн зуун хүн амиа алдаж, асар их хэмжээний хохирол амсах байлаа. Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 8-р хороо нийт 8500 гаруй хүн амтай. Газ алдсан газраас 300 метр хүрэхгүй зайд гурван ээлжээр хичээллэдэг 67 дугаар сургууль, 127 дугаар цэцэрлэг байрладаг.

Та бүхэнд нэг баримт эргэн сануулахад “2012 оны 1 сарын 21-ны өдөр Дархан Уул аймгийн 9 давхар орон сууцад 8 литр хий алдагдснаас дэлбэрсэн байдаг. Үүний улмаас байшин бүхэлдээ хэврэгшиж, цууралт өгчээ” гэх дүгнэлтийг тухайн үед мэргэжлийн байгууллагууд гаргаж байсан. Харин “Синчи газ”-ын хий хадгалдаг саванд энэ өдөр нийт 850 орчим литр хий байжээ. Үүнээс 230 гаруй литр хийг машинд шахсан байж болзошгүй гэх урьдчилсан тооцоог мэргэжлийн хяналтын байцаагчид гаргаад байна. Ингээд бодохоор 610 гаруй литр хий алдсан байх магадлалтай. Хэрэв хий дэлбэрсэн бол ямар аюул нүүрлэх байв.

Хий түгээх станцтай хаяа дэрлэн амьдрах О-гийнх олон жоохон хүүхэдтэй. Тэдний тайван байдал мөнхийн айдас, түгшүүрээр солигджээ. Эрхтэн дархтанууд бидний амь нас, эд хөрөнгийг юман чинээ тоосонгүй, мөнгөтэй хүмүүс бүгдийг авч бас хийж чаддаг бодит баримт “Синчи газ” гэх энэ газрын эздийн үйлдэл болчихоод байна гэж ирэн О учирлалаа. Бид энэ газрыг дахин ажиллуулахгүй, амьд явахыг хүсэж байна гэлээ.

Иргэд: Газны үнэр гарсан, хүн олноор цугласан байсан. Биднээс анх газрын маргаан бий юу гэж асуусан болохоо хий түгээдэг станц барих гэж байна гэж огт хэлээгүй. Хэрэв мэдсэн бол юу гэж “дэлбэрдэг юм” хажуудаа байлгахыг хүсэх юм бэ? Ямар эрхтэй, дархтай хүн ийм юм хийдэг байна. Тэр хүнд нь хариуцлага тооц. Өдийг хүртэл ажлаагүй юм чинь аваад явах байх. Юу гэж дахин ажилуулах юм бэ? бидний орон гэрийг сүйрүүлнэ бас хэдэн хүүхдийг минь яраглаад хаячна шүү дээ. Айлын хашаанд хаяа дэрлэн ажиллах энэ газар бол хамгийн ноцтой асуудал шүү.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 1 болон 2-т “хүнийг амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах” эрхтэй гэдгийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Энэ эрхэнд нь ноцтой халдсан гэж үзсэн учраас иргэн О 2018 оны 9 сарын 16-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргажээ. Иргэний гомдлын мөрөөр тус газарт 2 хоногийн дараа буюу 18-ны өдөр шалгалтын ажил явуулахад хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна. Нэгдүгээрт: Батлагдсан зураг төсөлгүй хэрнээ барилгын ажил явуулж байсан. Хоёрдугаарт: Эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй ажил эхлүүлсэн гэдэг үндэслэлээр 2018 оны 9 сарын 22-ны өдрөөс үйл ажиллагааг нь зогсоосон.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч Мөнхболд: Иргэний мэдээллийн мөрөөр шалгалт хийсэн. Газар дээр нь явж очиход батлагдсан зураг төсөлгүй барьж байсан, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна гэдэг үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоож албан даалгавар өгсөн. Ингээд 2018 оны 9 сарын 22-ны өдрөөс зогссон байдаг. Компанийн хийсэн тайлбараар туршилт хийсэн, матнинд цэнэглэлт хийсэн гэж хариу өгсөн. Бичиг баримт нь ерөнхийдөө гарсан ч  улсын космисс хүлээж аваагүй байхад ажилласан.

Хууль зөрчин байж эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд явцын дунд бичиг баримтаа дутуу хагас бүрдүүлжээ. Ингэхдээ мөн л “улсын комисс” ажиллаагүй байхад үйл ажиллагаа явуулснаас 2019 оны 4 сарын 2-ны өдөр хий алдсан ноцтой зөрчил гаргасан юм. Хуульд захирагдахаа байсан ашиг хонжоо хайгчид “хүний амийг” мөнгөөр сольсон баримт үүгээр дуусахгүй ээ.

Баримт 2: Зураг төсөлгүй барилга барихыг хориглодог. Өөрөөр хэлбэл цаасан дээр барьсан барилгаа зөв, буруу эсэхийг эхлээд хянуулна гэсэн үг. Гэтэл “Синчи групп” энэ бүгдийг зөрчин барилга байгууламж барьсаныхаа дараа “зураг төсөл” хянуулах гэрээг байгуулжээ.

2019 оны 4 сарын 10-ны өдөр Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвтэй “Зураг төсөлд” магадлал хийлгэх гэрээг 2 талаас байгуулсан байна. Уг нь барилга барихаас өмнө энэ магадлалыг хийлгэж барилгын зургаа хянуулах ёстой. Хянах явцад алдаа гарвал зургаа дахин засдаг. Гэтэл Синчи группийн “Синчи газ” хий түгээх станц “батлагдсан зураг төсөлгүй барилгын ажил явуулж, улсын комисс хүлээж аваагүй байхад ашигласан”. Улсын комисс ажиллаагүй байхад үйл ажиллагаа явуулна гэдэг байж боломгүй “ноцтой” зөрчил. Ялангуяа “Зураг төсөлгүй барилга барихыг хориглоно” гэсэн хуулийн заалт Барилгын тухай хуульд бий. Гэтэл Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламж зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Хангал: бид зураг төсөлд нь магадлал хийж хяналтаа тавина, тухайн барилга байгууламж баригдсан эсэх үгүй эсэх нь бидэнд хамаагүй, манайхтай магадлал хийлгэх гэрээг тус газар 4 сарын 10-ны өдөр байгуулсан гэх хариулт өглөө.  

Гэтэл Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламж зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Хангал: Бүх барилга хянагдах ёстой. Дам сонссон мэдээгээр баригдсан барилга байна лээ. Манайхаар хянагдаагүй гэсэн үг. Бид зураг төсөлд нь магадлал хийж хяналтаа тавина, тухайн барилга байгууламж баригдсан эсэх үгүй эсэх нь бидэнд хамаагүй. Барилга барих л гэж байгаа төлөвлөлт буюу заавал зураг төсөл байх ёстой.

Онцгой объект ажиллуулахын тулд эхлээд газрын зөвшөөрлөө авна, дараа нь мэргэжлийн хүмүүс барилга байгууламжийг цаасан дээр буулгаж зурна. Энэ зургаа хэд хэдэн газраар заавал хянуулж магадлал хийлгэнэ. Үүний дараа Хот байгуулалт хөгжлийн газарт зургаа дахин хянуулна. Тус газар “болсон байна” гэж үзвэл Улсын комисс ажиллаж хүлээн авдаг.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэлтсийн дарга Бямбадорж: Монгол улсад мөрдөж байгаа хууль тогтоомжийг ялангуяа онцгой обьект ажиллуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд чанд мөрдөх учиртай. Эхлээд зориулалтын дагуу газрын зөвшөөрөл авна. Дараа нь мэргэжлийн байгууллагын хийсэн зураг төсөл байна. Үүнийгээ эрх бүхий байгууллагаар батлуулан. Удаад нь Барилгын хөгжлийн төвөөр хянагдаж магадлал хийлгүүлсэн байна. Мөн онцгой байдал технологийн хяналтаа хийнэ. Энэ бүгдийн дараа барилга байгууламжаа барина. Ингээд улсын комисс ажиллаж хүлээн авсаны дараа ажиллах эрх нь нээгддэг.  

Хууль, дүрмийн дагуу ажиллаагүй учраас нийгэмд хор аюул учруулах хэмжээний эрсдэлийг бий болгосон том зөрчил энэ байлаа. Хий алдах болсон үндсэн шалтгаан “улсын комисс” ажиллуулалгүй толгой мэдсэн явдал. Үүний балгаар битүүмж алдагдаж хий алдсан байж болзошгүй гэх дүгнэлтийг тэрээр хэллээ. Түгээгүүрийн тоолуур ямар шалтгаанаас хагарав, техникийн хувьд хаана нь ямар алдаа гарав гэдгийг шалгаж байна.

Баримт 3: Бид ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй гэх тайлбарыг “Синчи групп”-ын захирал Элбэгзаяа хийлээ. Хий алддаг өдөр туршилт, тохируулгын ажил хийсэн. Бидний ажил, бидний үйл ажиллагаа Монголын радиод огт хамаагүй гэлээ.

“Синич групп”-ын захирал Элбэгзаяагийн хариултаас нэг асуулт гарч ирж байна. Туршилт хийж байгаа нөхцөлд түгээлт хийж ашиг олж болох уу? туршилтыг өөрийн биеэр буюу жинхэнэ газ машинд шахах замаар хийдэг үү? бид энэ асуултыг  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэлтсийн дарга Бямбадоржоос тодруулахад ийм хариулт өгч байна.

Бямбадорж: Туршилт хийж болно. Гэхдээ тэсэрч дэлбэрэх аюултай хийгээр хэзээ ч туршилт хийж болохгүй. Туршилтын үр дүн яаж ч гарч болно. Хэрэв бруугаар эргэвэл маш аюултай нөхцөл байдал бий болно. Иймд энертийн хий, азотын хийгээр оруулах замаар туршлт хийх ёстой. Иймээс Синич групп” дахиад л дүрэм журам зөрчсөн үйлдэл гаргасан гэж харж болно.                              

МҮОНРТ нь олон нийтэд үйлчилдэг байгууллага. Энэ ч утгаараа тэдний эрх ашгийг хамгаалж дугардаг. Энэ эрхийнхээ хүрээнд Синчи групп”-ын захирал Элбэгзаяатай уулзаж тайлбар авах гэсэн боловч илт дургүйцэж, төвөгшөөж байлаа.  Бидэнд ямар ч асуудал байхгүй, бүх юм зөвшөөрөлтэй санаа зоволтгүй гэх цөөн хэдэн хариулт өгсөн юм. Харин СХД-ийн 8-р хорооны иргэд бидний амь нас чухал уу? мөнгө чухал уу? дахин алдаа гаргахыг нь хүлээж, хэн хохирохыг харсаар л суух уу? гэсэн асуултыг түүнд тавилаа. 

Нийслэлийн СХД-ийн 8-р хорооны иргэд: Маш их сэтгэлийн дарамттай амьдарч байна. Хэрэв дэлбэрсэн бол Баянхошуу тэр чигээрээ байхгүй болно, амьд хүн үлдэхгүй. Бид хэнд гомдолоо тавьж хохиролоо барагдуулах вэ? биднийг өмөөрөх хамгаалах хүн байна уу? “Гэр хороолол дотор ажиллаж л байдаг ш дээ гэж” Синчи газын нэг ажилтан биднийг тавлан хэлсэн, юу гэсэн үг вэ? би амьд баймаар байна. Өөрсдөө ашиг олж байвал бидний амь нас, эрүүл мэнд тэдэнд хамаагүй. Айдастай байна, бидэнд мэдэгдэхгүйгээр барьж байна, сургууль, цэцэрлэгийн ойр ажиллахыг бас эсэргүүцэж байна.

Иргэдийн амьд явах эрхэд заналхийлсэн энэ асуудлыг бид яаж цэгцлэх вэ? Одоо мөрдөж байгаа зай хэмжээг өөрчлөх боломж байгаа болов уу?

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэлтсийн дарга Бямбадорж: Барилга хот байгуулалтын яамнд бичиг хүргүүлсэн. Энэ бичигт дангаар ажиллах хий түгээх станцын зай хэмжээг цаашид мөрдлөг болгох асуудлыг тусгасан. Шатхуун болон хийг хамтад нь түгээхэд заасан зай хэмжээг мөрдлөг болгон барилга байгууламжаа барьж байна. Иймээс яаж ч хэрэглэж болох норм дүрэм стандартыг хүчингүй болгож өгөхийг хүссэн. Энэ бүгд тодорхой ойлгомжтой байх хэрэгтэй. 

Хий хангамжийн 2004 оны дүрмээр айл өрх, сургууль цэцэрлэг, үйлчилгээний газраасхийг хадгалах ил сав 80, далд бол 40метр” байхаар зохицуулсан байдаг. Гэтэл 2008 оны шинэчилсэн дүрмэнд ил савтай бол 18, далд бол 7,5 метр байна гэж заасан нь зөрчил гарах үндсэн шалтгаан болчихоогүй байгаа.

Аливаа барилга байгууламжийг улсын комисс хүлээж авсны дараа эхлүүлдэг, хэн ч бай энэ зарчмаар ажиллана. Гэтэл зарим нэг нь ашиг хонжоог урьтал болгож бусдын амь насыг юман чинээ бодохоо байжээ. Харин иргэдийн хуулиар хамгаалагдсан амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа гэж байна уу? тэд өнөөдөр ч санаа зовиноцгоож байна. Аюул ирэхэд аврал ч эрж амжихгүй нь... сэдвийг та бүхэнд үргэлжлүүлэн хүргэх болно.

Нэвтрүүлэг бэлтгэсэн: Баримт эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Нийтэлсэн: Mонголын радио

Аюул ирэхэд аврал ч эрж амжихгүй нь  
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-01 15:04
hudal medelel bitii taralaa tanar

Бидэнтэй нэгдээрэй