Шууд Chart

Д.Даваадулам: Радиогийн сэтгүүлзүйн бүтээл ном болж гарсан нь ховор юм билээ

2019-05-02 12:37:55

МҮОНР-ийн тоймч Даваажавын Даваадулам “Оргил өөд” хэмээх номоо хэвлүүлжээ. Уг номонд Монголын радиод түүний бэлтгэсэн нийтлэл, ярилцлага, сурвалжилга багтсан байна. 2001 оноос хойш тус радиод ажиллаж буй түүнтэй шинэ номных нь талаар товч ярилцлаа.

-Радиогийн сэтгүүлчдийн бүтээлээс тоймтой хэдхэн нь л архивлагдаж үлддэг юм шиг санагддаг. Бусад нь “салхи” болоод замхардаг болов уу. Харин та тэгэхээс нь урьтаж, ном болгон эмхэтгэжээ. Үүнд таны хийсэн хэдэн жилийн хөдөлмөр шингэсэн байгаа вэ?

-Энэ ном маань гурван бүлэгтэй. Тодруулбал “Нүүрс дагасан амьдрал”, “Ус дагасан амьдрал”, “Оргил өөд” гэж нэрэлсэн. Үүнд 2017 оноос хойш бэлтгэсэн нийтлэл, ярилцлага, сурвалжилгаа орууллаа. Радиогийн сэтгүүлчдийн бүтээл үнэндээ таны хэлж байгаачлан эфирт архивлагдаж үлддэг нь ховор. Харин өөрт маань бол бий.  

-Тоймлоод хэлбэл эхний бүлэгт юуны тухай хийсэн сурвалжилга нийтлэгдсэн байгаа вэ?

-Үүнд “Тавантолгой” нүүрсний тухай юм. Гэхдээ би уг уурхай Монгол Улсдаа хэрхэн үр ашигаа өгч байгаа тухай, хэдэн сая төгрөг улсын төсөвт ордог юм бэ гэх мэт өнгөцхөн талаас нь хараагүй. Дээрх уурхайн талаар дотогшоо илүү мэдэхийг хүсч, сонсогчиддоо хүргэхийн тулд жолооч нар нь ямар байдалтай ажиллаж байгааг, уугуул иргэдийнх нь санаа оноо ямар байгааг, тэнд ажилладаг хүмүүсийн ар гэрийнхэн хэрхэн амьдардаг талаар гэх мэт сурвалжилга бэлтгэсэн. Харин ярилцлагын хувьд манай радиогийн “Асуулт байна” нэвтрүүлэгт зочноор оролцсон хүмүүсийнх.

-Радиогийн сэтгүүлчдийн сэтгүүлзүйн бүтээл ном болж хэвлэгдсэн нь хэр элбэг байдаг вэ?

-Манай радиогийн сэтгүүлчдийг уран бүтээлчдийн “уурхай” гэж хэлдэг шүү дээ. Тэдний минь уран бүтээлийн ном, цомог олон гарсан байдаг. Гэхдээ сэтгүүлзүйн бүтээл нь ховор юм билээ. Миний номны редактороор МҮОНР-ийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Б.Баярсайхан, продюсер Б.Сонинчимэг нар ажилласан. Би энэ номоо олон жилийн өмнөөс төлөвлөж эсвэл ашиг олох зорилгоор гаргаагүй. Радиод сэтгүүлчээр ажиллах хүсэлтэй оюутнуудад гарын авлага болгох үүднээс л хэвлүүлсэн юм. Үүнд орсон бүтээлүүдээ хүнд арай хэрэгтэй, сонирхолтой болов уу гэсэн талаас нь сонгосон. Гэхдээ мэдээлэлийн гэдэг утгаараа цаг хугацаагаа алдах тал бий. Мөн энэ жил манай радиогийн 85 жилийн ой тохиож буй тул энэ өндөр насных нь ойд хүндэтгэл үзүүлэх зорилгоор гаргаад байгаа минь энэ. Энэ номонд орсон бүтээлүүд шиг зүйлийг манай сэтгүүлчид өдөр бүр хийдэг. Тиймээс би номныхоо өмнөтгөл хэсэгт “Өдөр тутмын бичвэрийнхээ заримаас танд барив” гэж бичсэн байгаа. Гэхдээ ном гаргах чинь нэлээн түгшүүртэй юм байна. Зарим хүнтэй ярилцаж байхад “Ном гаргалаа ч уншигч байна уу” гэж хүртэл хэлж байсан. Гэтэл сэтгүүлзүйн багш мэргэжилтэй хүн бололтой нэг хүн миний фэйсбүүкт “Сэтгүүлчээр ажиллаж байгаа л бол ном гаргах хэрэгтэй” гэж бичсэн байна билээ. Тэгэхээр нь би “Зөв шийдвэр гаргаж” гэж баярлаад байгаа.  

-Сурвалжилга, ярилцлагаа сонины бичвэрт оруулж бичхэд ямар санагдаж байна вэ. Радиогийн сэтгүүлчид дуу хураагууртаа тухайн ярилцагчийнхаа ярилцлагыг хуулж авч, эфирээр цацдаг болохоор сонирхолтой санагдаж байна л даа ...

-Маш их хэцүү юм билээ. Үүнийг хийж суухдаа сонин, сайтын сэтгүүлчдийг маш хүнд ажил хийдэг юм байна гэдгийг ойлгосон. Аман яриаг уншлагын хэлбэр рүү шилжүүлэхдээ үг үсэг, утга найруулгыг алдаа гаргах вий гэж их анхааралтай ажилласан.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Даваадулам: Радиогийн сэтгүүлзүйн бүтээл ном болж гарсан нь ховор юм билээ  
Үзсэн: 579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй