Шууд Chart

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо

2019-05-06 14:58:51

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар хэлэлцсэн эхний асуудал бол Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журмыг шинэчлэх тухай байсан бөгөөд Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар журмын төслийг  дэмжив. Энэ асуудалтай холбогдуулан агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, бүсэд мөрдөх журмыг шинэчлэн БОАЖ-ын сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар батлуулахыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргалд даалгалаа.

Хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Бидний эрүүл мэнд, аюулгүй байдал” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулах журам батлах тухай байв. Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэхүү өдөрлөгийг сар бүрийн 9-ний өдөр зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын ажиллагааг хангах юм байна. Гэр бүлийн хүчирхийлэл, гэнэтийн болзошгүй осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, идэвх санаачилгатай ажиллаж байгаа иргэд, байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, эрүүл аж төрөх зан үйлийг дэмжих зорилгоор сар бүрийн батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлууд зохион байгуулна гэж нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа танилцуулав. Энэхүү журмын төслийг хурлын гишүүд дэмжиж баталлаа.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг зуны гурван сар 08.00-17.00 цаг болгож өөрчилнө  

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх захирамжийг баталлаа.

Захирамжид “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09.00 байхаар тогтоосугай” гэжээ. Тус  захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт даалгав.

Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн төр, захиргааны байгууллагаар үйлчлүүлж, даргын зөвшөөрөл авах, тамга даруулах, гарын үсэг зуруулах гэх мэт бичиг цаасны ажлаа эрт амжуулах шаардлага иргэд, аж ахуй нэгжүүдийн өмнө байнга тулгамддаг тул тэдний ажлыг хөнгөвчлөх, бүтээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор уг захирамжийг баталж байгаа юм. Мөн үүнээс гадна нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын зуны ээлжийн амралтыг зөв зүйтэй зохицуулж, амарсан нэгнийхээ оронд ажил үүргийг нь хэн нэгэн хариуцаж гүйцэтгэдэг, төрийн ажлыг цалгардуулахгүй байхаар нарийн тооцоолдог болохыг  Хотын захирагч холбогдох удирдлагуудад анхааруулсан юм.

Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г хэлэлцэв

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ын дарга М.Эрдэнэжаргал энэ удаагийн хурлаар танилцуулав. Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван бүлэгт хуваан ажлын хэсэг боловсруулсан байна.

Өнөөдрийн зөвлөлийн хурлаар уг төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцээд, зарим үйл ажиллагааг хасах, уялдаа холбоогоор нь нэгтгэх, үргүй зардлыг танах, орхигдсон зарим бүтээлч ажлыг нэмээд, дахин хурлаар оруулж эцэслэхээр тогтов.

“Хотын соёлыг түгээх бүтээлч ажлуудыг ойн хүрээнд санаачлан хийж иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг илүү анхааралтай сонсож, тэдний идэвх санаачилга, зүтгэл, оролцоог хангаж ажиллах хэрэгтэй. 380 жилийн ой тэмдэглэж баярлахдаа гол  нь биш, Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн стратегийг боловсруулах, Соёлын өвийг хамгаалах хүрээнд үр дүнтэй ажил хийх, боловсролын салбарын бүх шатны оролцогчдыг хамруулсан “Миний хот” хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй. Тиймээс ажлын хэсгийнхэн бүтээлч ажлын төлөвлөгөөндөө эдгээрийг тусгаарай” хэмээн Хотын захирагч С.Амарсайхан санууллаа.

 


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй