Шууд Chart

Хүйсийн найман нуур

2019-05-09 12:05:59

Хүйсийн найман нуур нь Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 115 км-т орших ба Улаанбаатар хотоос аймгийн төв хүртэл 450 км байдаг. 

Зам маш бартаатай боловч жуулчид энэ бүсэд ихэвчлэн морь унаж баруун хойноос нь ирдэг.  Хүйсийн Найман нуур нь Монгол орны төв хэсэг, Хангайн уулсын дунд ДТД 2400 метрт оршдог. Тус газрын ихэнх хэсэг нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байх агаад баруун талаараа Бат-Өлзий сумтай хиллэдэг. Мөн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын нэг хэсэг болдог. Хойд талаараа галт уулын чулуулаг тархсан тал газраар хүрээлэгдсэн хүн ам сийрэг суурьшсан газар юм.
 
Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Мухар, Дөрөө, Баян-Уул хэмээн нэрлэгдсэн найман нуур байх бөгөөд хоорондоо газар доор усны судлаар холбогдсон байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс гурван км хүртэл зайтай байдаг.
 
2007 оны байдлаар нууруудын хоёр дахь том нуур Хүйсийн нуурын 10 хувь орчим нь ширгэж, хоёр жижиг нуур нь бүр мөсөн ширгэсэн байна. Хүйсийн Найман нуур нь уулын тагийн бүслүүрийн хөрстэй, шилмүүст болон Сибирийн хар мод, хушин ойтой. Хойд талаараа галт уулын чулуулагтай тэгш тал, нүцгэн оройтой уулсаар хүрээлэгдсэн байдаг.
 
Энэ бүсэд саарал чоно, халиун буга, зэрлэг гахай, тарвага, хэрэм, жирх, чандага, огдой зэрэг амьтад байдаг. 50 орчим төрлийн шувууд байдгаас Монголын улаан номонд орсон цасны хажир бүргэд, ухаа хажир бүргэд тэмдэглэгджээ.
 
Байгалийн өвөрмөц тогтоцтой Найман нуур, тэдгээрийн орчны байгалийн үзэсгэлэнт цогцолбороос бүрдэх 11.5 мянган га газрыг хамруулсан Хүйсийн найман нуурын байгалийн дурсгалт газар УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагджээ. 

Энд мөн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөссн галт уулын тогоонууд байдаг. Хангайн гол нурууны хэсэг болох Шурангыг, Гятрууны, Битүүтийн, Зэс улаан, Цэгээний хуниас, Ивийн зэрэг уулсын араар Орхон голын эхэнд их ой хөвчит уулын ам хөндийг дүүргэн орших нуурууд нь байгалийн үзэсгэлэн болсон нутаг юм. 

Эргэн тойрон их тайга бүхий өндөр уулстай. Хүйсийн найман нуурын орчмын гурав буюу 7491.3 мянган га талбайг хуш, шинэс зэрэг шилмүүст ой эзэлдэг. Мөн нөөц нь эрс хомсдсон олон зүйлийн эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг.

Хүйсийн найман нуур нь Уянга сумаас баруун хойд зүгт 45 км зайтай орших ба дурсгалт газрын Хил Ширээтийн даваа хүртэл энгийн шороон замтай, нууруудын орших хүнхээл рүү автомашинаар орох боломжгүй, морин замтай болсон боловч 1979 онд Ширээтийн даваанаас доош зам зассанаар машин орох боломжтой болсон юм.

Ширээтийн даваа нь Хүйсийн найман нуурын усны түвшнээс 320-529 метр өргөгдсөн байдаг. Хүйсийн найман нуурын ай савын нийт талбайн 3/5 орчим буюу 7491.3 га талбай нь ой, үлдэх хэсэг нь бэлчээр, хад асга нуранги юм. Ойн бүтцийн хувьд навчит ба шилмүүст ой голлон ургадаг бөгөөд ойн 85 хувь (469.4 га)-г шинэс, 34 хувь (2547.0 га)-г хуш, нэг хувь (74.9 га)-г улиас бургасны төрлийн навчит мод эзэлдэг.

Хангайн хөвдлөг ургамалтай ба нохойн хошуу, мөргөн тэвнэ, бамбай, юмдүүжин, сөд, цээний ягаан цэцэг, бажиг, арц, даль, сургар зэрэг эмийн ургамал, хад, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ, аньс, самар, хөмүүл, мэхээр зэрэг жимс, хүнсний ургамал элбэг ургадаг бөгөөд Ширээт, Халиут, Бугат нууранд Байгаль нуураас омуль загас авчирч үржүүлсэн нь өсч үржээд байна.

 


Хүйсийн найман нуур  
Үзсэн: 1392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2019-05-10 08:21
энэ үзэсгэлэнт газар алтны уурхайнууд нинжа нар олноор газар сэндийлж бна удахгүй ширгэх бхаа бид чинь харж хамгаалах эзэнгүй төртэй улс шүү дээ хайран сайхан нутаг минь

Бидэнтэй нэгдээрэй