Шууд Chart

ОХУ дахь Монголчууд сагсан бөмбөгөөр өрсөлдөв

2019-05-14 10:47:02

ОХУ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10, 11-нд Москва хотын “Новая лига” спортын ордонд болжээ.

Жил бүрийн хавар, Аугаа эх орны дайны ялалтын өдрүүдийн үеэр болдог энэхүү уламжлалт арга хэмжээний 11 дэх удаагийн тэмцээнийг “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Москва хот дахь Төлөөлөгчийн газар, ОХУ дахь Монголын оюутны холбоо, МЗХ-ны “Ле мон” клуб, НАМЗХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан байна.

Уг тэмцээнд 24 баг оролцсон бөгөөд эрэгтэйчүүдийн тэмцээнд “Гэрэгэ-Лок”, эмэгтэйчүүдийн тэмцээнд “Гэрэгэ” баг аварга болжээ. Эрэгтэйчүүдийн хоёр, гуравдугаар байрыг “Мөнхтэнгэр”, “Аврагч”, эмэгтэйчүүдийн хоёр, гуравдугаар байрыг  “Санхүүгийн их сургууль”, “Мөнхтэнгэр” баг тус тус эзэлсэн аж.

Тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор “Гэрэгэ-Лок” багийн довтлогч н.Намхайжанцан, эмэгтэй шилдэг тоглогчоор “Гэрэгэ” багийн тоглогч М.Хэрлэн, өсөх ирээдүйтэй тамирчнаар Оросын тээврийн их сургуулийн оюутан Б.Өлзийбат нар шалгарсан байна.

Уг арга хэмжээний үеэр Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль хүртсэн О.Е.Кутафины нэрэмжит Москвагийн Хуулийн улсын их сургуулийн оюутан Э.Аззаяа, Монголын Оюутны холбооны дээд шагнал, Манлайлагч оюутан алтан медаль хүртсэн Оросын удирдлагын их сургуулийн оюутан А.Мөнхжин, УБТЗ-ын Тэргүүний залуу цол, тэмдэг хүртсэн Оросын Тээврийн их сургуулийн оюутан Д.Мөнх-Очир нарт шагналыг нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч О.Очирмаа, УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Москва дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн М.Цогт, ОХУ дахь Монголын оюутны холбооны тэргүүн Б.Зориг нар гардуулжээ.

Түүнчлэн спортын сагсан бөмбөгийн төрөлд гаргасан амжилтаараа спортын мастер цол хүртсэн хоёр, спортын дэд мастер цол хүртсэн гурав, спортын нэгдүгээр зэрэг хүртсэн нэг тамирчинд цолны тэмдэг, үнэмлэхийг нь гардуулсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ дахь Монголчууд сагсан бөмбөгөөр өрсөлдөв  
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй