Шууд Chart

Станислав Шевчук халагдсан шалтгаанаа “Үндсэн хуулийн эсрэг эргэлт” гэж тайлбарлав

2019-05-15 11:00:02

Украины Үндсэн хуулийн шүүхийн дарга Станислав Шевчукийг шүүгчдийн олонхийн саналаар огцруулсан. Тэрбээр өөрийг нь албан тушаалаас нь халсан шалтгааныг “Үндсэн хуулийн эсрэг эргэлт” гэж тайлбарлаж, хуулийн байгууллагад хандана гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгчид түүнийг Дотоод дүрэм, ёс зүйн хорооноос зөрчил гаргасан гэсэн дүгнэлттэй холбогдуулан огцруулах шийдвэр гаргасан юм. Ингээд Үндсэн хуулийн шинэ даргаар Наталья Шаптала томилогджээ.

Станислав Шевчук “Өнөөдөр Украины Үндсэн хуулийн шүүхэд эргэлт гарч, Үндсэн хуулийн шүүгчдийн албан тушаал эрхэлж байсан этгээдүүдийн зүгээс засаглалыг эзлэн авлаа” гэж “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулсан мэдэгджээ.

Тэрбээр шүүгчдийг Үндсэн хуулийн байгууллагыг нураасан хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан байна. Украины Үндсэн хууль, Үндсэн хуулийн шүүхийн тухай хууль, шүүхийн дүрэм журмыг зөрчсөн гэж Станислав Шевчук үзсэн юм.

Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенкогийн штабаас шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Зеленскийн тангараг өргөх ёслолыг тасалдуулах зорилгоор Станислав Шевчукийг огцруулсан байж магадгүй гэж “Страна” порталд мэдээлжээ. Харин Үндсэн хуулийн шүүхээс үүнийг үгүйсгэсэн юм.

Украины Сонгуулийн төв хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Владимир Зеленскийг Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Сонгуулийн хоёрдугаар шатанд түүнийг сонгогчдын 73.22 хувь нь дэмжсэн бол өрсөлдөгч, одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенкод 24.45 хувь нь саналаа өгчээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Станислав Шевчук халагдсан шалтгаанаа “Үндсэн хуулийн эсрэг эргэлт” гэж тайлбарлав  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй