Шууд Chart

АНУ, ОХУ харилцаагаа сайжруулах сонирхолтой ч зарим асуудлаар санал нэгдэхгүй

2019-05-15 12:54:28

АНУ, ОХУ харилцаагаа сайжруулах сонирхолтой байгаа ч зарим асуудлаар санал нэгдэхгүй гэдгээ дахин илэрхийлцгээлээ. ОХУ-д анх удаа дипломат айлчлал хийсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ОХУ-тай харилцаагаа сэргээх сонирхолтой байгаа АНУ-ын Ерөнхийлөгчийн байр суурийг уламжилсан ч, Украин болон Венесуэлийн асуудалд, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талаас нөлөөлсөн гэх хэрэгт хатуу байр суурьтай байна гэдгээ хэлсэн байна.

Даваа гарагт Москва хотод хийх айлчлалаа цуцалсан тэрбээр Брюссельд болсон олон улсын хуралд оролцоод, мягмар гарагт Сочи хотод очиж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзлаа.

Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Хэд хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьсныхаа дараа Америкийн талаас Оростой харилцаагаа сэргээх хүсэлтэй байна гэдэг сэтгэгдэл төрсөн тухайгаа, Оросын талаас ч мөн тийм сонирхолтой байгаагаа Майк Помпеод хэлсэн байна. Мөн “Оросын талаас Америкийн сонгуулиудад урьд өмнө нөлөөлж оролцож байгаагүй. Тусгай зөвлөх Роберт Мюллерийн хариуцаж ажилласан мөрдлөг шалгалтын дүн Дональд Трампын сонгуулийн ажил Кремльтэй холбоогүй байсныг баталсан” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын тэргүүн дипломатчид хэлжээ.

Хариуд нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, ОХУ, АНУ-ын хооронд нийтлэг ашиг сонирхолтой асуудлууд байдаг. Тэдгээр асуудлуудаар талууд хамтран ажиллах боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж "Рашиа түдей" мэдээлжээ.

Гэхдээр Майк Помпео, Владимир Путинтэй уулзахаасаа өмнө Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа “Вашингтон Оросын талаас 2016 онд хийсэн зүйлээ давтаж, АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд Москва нөлөөлөхийг хүлцэн тэвчихгүй” гэж мэдэгдсэн байна.

Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын дараах хэвлэлийн хурал дээр тэрбээр Оросын тал Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурод дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг хүссэн ч, “Мадурогийн эрх мэдлийг Венесуэлийн ард иргэд шийднэ” хэмээн Оросын Гадаад хэргийн сайд мэдэгдээд, Америкийн талаас Мадурод үзүүлж байгаа шахалт хоригийг ардчилсан бус үйлдэл гэсэн байна.

Үүнээс гадна Сергей Лавров, Ираны асуудлаарх Америкийн бодлогыг шүүмжилж, хоёр улс олон асуудлаар ялгаатай байр суурьтай байна гэсэн бол, “АНУ-ын ашиг сонирхолд харшлах Ираны талын ямар ч үйлдэлд хариу арга хэмжээ авна” гэсэн байна.

Украины тухайд, Моска Крымыг нэгтгэсэн явдлыг Вашингтон хүлээн зөвшөөрөхгүй. Энэ асуудлаар Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг шахалтуудаа хэвээр хадгалах болно гэж АНУ-ын Гадаад хэргийн асуудал хариуцсан сайд Майк Помпео хэлсэн байна.

Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр Майк Помпео, Оросын Гадаад хэргийн сайдтай уулзахдаа мөн “Ерөнхийлөгч Дональд Трамп харилцаагаа сайжруулах сонирхолтой байгаа учраас ОХУ-д айлчилж байна” гэсэн утгатай үг хэлсэн байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ, ОХУ харилцаагаа сайжруулах сонирхолтой ч зарим асуудлаар санал нэгдэхгүй   
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй