Шууд Chart

"Монгол-Вьетнамын харилцаа: Түүх ба орчин үе" эрдэм шинжилгээний хурал болов

2019-05-15 17:28:46

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад Харилцааны Яам, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан “МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХАРИЛЦАА: ТҮҮХ БА ОРЧИН ҮЕ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ-нд зохион байгуулав.

Хурлын үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНСВУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Доан Ти Хыөнг, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоо хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол, Вьетнамын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 65 жилийн хугацаанд өргөжин хөгжиж ирсэн ба хоёр орны ард түмэн хүнд хэцүү цагт харилцан тусламжийн гараа сунгаж, бие биедээ элэгсэг дотно сэтгэлээр хандаж ирсэн сайхан уламжлалтайг онцлон тэмдэглэж байв.

Тус хурлаар “Монгол-Вьетнамын харилцааны уламжлал, ирээдүй”, “Монгол-Вьетнамын эртний харилцаа”, “Монгол-Вьетнамын хүмүүнлэг, боловсролын харилцаа-65 жилд”, “Хоёр орны бизнесийн боломж”, “БНСВУ-ын жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн бодлого”, “Монгол, Вьетнамын харилцааг цаашид хөгжүүлэх боломж, арга замын асуудалд” илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Мөн Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтсоноос хойшхи 65 жилийн найрамдалт харилцааны түүхэн замнал, ололт амжилтын талаар хэлэлцэж, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний зэрэгцээ цаашдын хэтийн төлөв, боломжийн талаар ярилцаж, санал бодлоо солилцсон нь ач холбогдолтой болов.


"Монгол-Вьетнамын харилцаа: Түүх ба орчин үе" эрдэм шинжилгээний хурал болов  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй