Шууд Chart

Бизнес төсөл шалгаруулах уралдааны ялагч сурагчдад шагнал гардууллаа

2019-05-16 07:05:54

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Шилдэг бизнес төсөл 2019” уралдаан зарлажээ. Уралдаанд оролцогчдыг энэ сарын 15-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч, амжилттай оролцсон сурагчдад шагнал гардууллаа.

Энэ арга хэмжээний нээлтэд Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Бизнес төсөл санаачилсан сурагчдад баяр хүргэж, амжилт хүсээд хэлсэн үгэндээ, “Хүн болгон хичээж чармайж, ажиллаж хөдөлмөрлөж байж өрх гэрээ, улс орноо өөд нь татна гэдэг энэ үзэл санаа, сэтгэлгээг нийгэмдээ түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй байгаа юм.

Монголын ирээдүй болсон хүүхдүүд та бүхэн бодож сэтгэдэг, шинийг олж санаачилдаг, түүнийгээ ажил болгодог байж чадвал айл гэрийн амьдрал ч өөдрөг байна, улс орон маань ч хөгжин дэвжинэ. Сайн эхлэл гэдэг ажлын хагас байдаг. Та бүхэн ажлынхаа хагасыг хийчихлээ. Гэхдээ хамгийн чухал нь ажлын төгсгөл байдаг шүү. Ажлаа үр дүнд хүргээрэй. Санаачилга тань амьдралд хэрэгжиж, Монголын ирээдүй улам гэрэлтэй байх болтугай. Үүний төлөө бид чармайн ажиллаж, хүүхдүүд та бүхнийхээ дэмжих болно” гэв.

Тэрбээр мөн АНУ-д хүүхдүүдийн бизнес санааг хэрхэн дэмжиж, ажил хөдөлмөрт бэлтгэдэг талаар “Насанд хүрсэн хүн л амжилттай бизнес хийдэг гэдэг юм байхгүй. Дэлхийд нэр алдараа цуурайтуулсан тэрбумтнууд сурагч байхдаа бизнес санаачилж, түүгээрээ амжилт олсон байдаг шүү” гээд дэлхийд алдартай хүмүүсийн жишээг ярилаа.

Сурагчдын дунд шилдэг бизнес төсөл шалгаруулах уралдаан явуулж, дүгнэсэн энэхүү арга хэмжээг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилин арга хэмжээнд 690 сурагч оролцсоноос 60 төслийг шалгаруулан, шагнал гардууллаа.


Бизнес төсөл шалгаруулах уралдааны ялагч сурагчдад шагнал гардууллаа  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй