Шууд Chart

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2019-05-16 07:16:30

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны  2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа. 

Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж байгаа өнөөгийн нөхцөлд автотээврийн ангилал, дамжин өнгөрөх тээвэрлэлт, уул уурхайн тээвэрлэлт, ачаа болон зорчигчийн терминал, авто зам дагуух үйлчилгээ, автомашин үйлдвэрлэл, тээвэр зуучийн үйлчилгээ, тээврийн даатгал, салбарын бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудлыг зохицуулж, салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх шаардлага гарсныг тэрбээр танилцуулгад дурдав. Түүнчлэн автотээврийн хэрэгслийг шинээр угсарч, үйлдвэрлэж байгаа хэдий ч автомашин үйлдвэрлэлийн эрх зүйн орчин бүрдээгүй байна. Хуурамч сэлбэг хэрэгслийг улсын хилээр оруулах, засвар үйлчилгээг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд явуулж буй зөрчлийг таслан зогсоох зорилгоор авто үйлчилгээ эрхлэгчийг тодорхойлж, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж баталгаажуулах шаардлага үүсчээ. 

Уул уурхайн тээвэрлэлттэй холбоотой харилцааг тусгай журмаар зохицуулах,  нийтийн зорчигч тээврийн асуудал, ачаа тээвэрлэлтийн хэмжээ жилээс жилд өсч байгаатай холбоотойгоор автотээврийн хэрэгслийн тоо өсч буй зэргээс үүдэн автотээврийн салбарын хяналтыг сайжруулж, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай гэж үзсэн байна.

Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дараах үр дүн гарна гэж тооцож байна. Тухайлбал, автотээврийн салбарын өнөөгийн байдал, олон улсын болон бүс нутгийн нийтлэг жишиг, ирээдүйн чиг хандлагад нийцсэн эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Мөн автомашин, түүнийг сэлбэг хэрэгсэл угсрах, үйлдвэрлэх болон ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг устгах, дахин боловсруулах зэрэг үйлдвэрлэл хөгжих замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломж нэмэгдэх юм байна. Ачаа, зорчигч тээвэрт тавигдах шаардлага, нөхцөлийг сайжруулж, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлснээр иргэдэд аюулгүй, ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх эрх зүйн зохицуулалттай болохын зэрэгцээ тээврийн төрлүүдийн хоорондын уялдаа холбоо сайжирч, тээврийн дэд бүтэц, тээврийн ажил, үйлчилгээний чанар хүртээмж нь хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцнэ.

Автотээврийн хэрэгсэл түүний засвар, үйлчилгээ, үйлдвэрлэл, бүртгэлд тавигдах шаардлагыг нарийвчлан зохицуулж, стандартын шаардлага хангасан автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр агаарын бохирдол, зам, тээврийн осол, зөрчил, эд материалын хохирлын хэмжээ буурна.

Автотээврийн салбарын хууль тогтоомжийн зөрчил, давхардал, хийдэл арилж, зохицуулалтгүй байгаа болон ирээдүйд үүсч болох харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдэн хуулийн хэрэгжилтийн үр нөлөө сайжирна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар тодруулга хийлээ. Одоо хэрэгжиж буй хуульд авто тээврийн дэд бүтцийн талаар ямар ч зохицуулалт тусгагдаагүй байдаг, харин төсөлд тусгасан байна. Түүнчлэн зам тээврийн ослыг шинжлэн шалгадаг тогтолцоог бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, орон нутагт авто тээврийн талаарх тодорхой эрх хэмжээг шилжүүлэх зэрэг зохицуулалтуудыг төсөлд шинээр тусгасан болохыг ажлын хэсэг тайлбарлав. УИХ-ын гишүүн Я.Содбаатар төслүүдийг хэлэлцэхээ дэмжиж буйгаа илэрхийлж үг хэллээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Үргэлжлүүлэн УИХ-ын 22 гишүүний өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. 

Зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцаа нь өнөөдрийн байдлаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон салбарын шинжтэй 100 гаруй хуулиар зохицуулагддаг байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нь 19 чиглэлээр 103 ерөнхий төрөл, энэхүү төрөл нь 210 гаруй дэд төрөлд хуваагдан тусгай зөвшөөрөл олгох зохицуулалттай. Гэсэн ч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй зөвшөөрлийн чиглэл, төрлөөр зөвшөөрөл олгох харилцаа явагдаж 2016 оны байдлаар улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгаа хийгдсэн байна. Иймд УИХ-ын нэр бүхий 22 гишүүн Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцаа тодорхой болгох, зөвшөөрлийг олгох, сунгах цахим хэлбэрээр зохион байгуулахыг хуульчлах, цэгцтэй тогтолцоо бүрдүүлэх, хууль тогтоомжийн хийдэл, зөрчлийг арилган, уялдаа холбоог сайжруулах төслийг санаачлан боловсруулжээ. 

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан тодруулга хийж С.Бямбацогт гишүүнээс хариулт авсан юм. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Дараа нь Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. 

Төрийн албаны хүнд суртлыг багасгах, аж ахуйн үйл ажиллагааг дэмжих хүрээнд Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийн боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг тэрбээр илтгэлийнхээ эхэнд хэллээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх боломжтой хэмээн үзэж буйгаа хэллээ. 

Зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг цөөлж, шат дараалал дамжлагыг энгийн хэлбэрт оруулах, бизнест ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор төслүүдийг боловсруулсан байна. Үндэсний аюулгүй байдал, улс орны болон нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн өсөлт, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, ил тод, нээлттэй байх зарчимд нийцүүлэн 8 бүлэг 30 зүйлтэй төслийг боловсруулжээ. Зөвшөөрлийн тухай хуулиар зөвшөөрөл, түүний ангилал, бүртгэл, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нийтлэг шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох үндэслэл, журмыг тогтоосон байна. 

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асуув. Иргэд, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсвэл зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болох бодлогын томоохон өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн санаачлан боловсруулсан төсөлд тусгажээ. Тодруулбал, хуулиар хориглоогүй л бол аливаа төрлийн үйл ажиллагааг эрхлэх боломжийг нээж байгаа бол Засгийн газрын төсөл үүнтэй нийцэх эсэхийг лавласан. Засгийн газрын зүгээс зөвшөөрлийн жагсаалтыг баталж, гурван жил тутамд тооллого явуулах зохицуулалтыг төсөлдөө тусгасан байна. Тооллогын явцад хууль зөрчиж байгаа, шаардлагагүй зөвшөөрлийн тухай асуудлыг тухай бүр цэгцлэх боломжтой гэж үзжээ. Мөн зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор зөвшөөрлийн бүртгэл, тоог мэдээллийн нэгдсэн сангаар зохицуулах юм байна. УИХ-ын гишүүд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслүүдийн үзэл санаа, зохицуулалтууд 70 орчим хувь нь нийцэж байгаа гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд тайлбарлав. Иймд УИХ төслүүдийг нэгтгэн хэлэлцэх бүрэн боломжтой хэмээн үзэж байна гэлээ. 

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжснээр энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 94 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй