Шууд Chart

Газрын тос экспортлогчид нийлүүлэлтээ нэмэгдүүлэх эсэхийг ирэх сард шийднэ

2019-05-20 11:35:16

Газрын тос экспортлогчид нийлүүлэлтээ нэмэгдүүлэх эсэхийг ирэх сард хуралдаж шийднэ. ОПЕК-ийн гишүүн орнуудын сайд нар өнгөрөгч ням гарагт Саудын Араб улсад уулзалдаж, АНУ-ын талаас Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээ газрын тосны нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлөхийг ажигласныхаа дараа ирэх зургаадугаар сард хуралдаж нийлүүлэлтээ нэмэгдүүлэх эсэхийг шийдэхээр боллоо.

ОПЕК-ийн гишүүд өнгөрөгч нэгдүгээр сард болсон уулзалтаараа газрын тосны үнийг өсгөх зорилгоор нийлүүлэлтээ багасгаж эхэлсэн. Энэ алхам нь төлөвлөсөн үр дүндээ хүрч, өнгөрөгч дөрөвдүгээр сард энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд ихээхэн нөлөөлсөн гэж хэвлэлүүд тайлбарлаж байна.

Нийлүүлэлтийг багасгах шийдвэр ирэх зургаадугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Америкийн талаас тавьсан хориг Иранд ямар нөлөө үзүүлэхийг, мөн АНУ БНХАУ-ын худалдааны маргааныг сайтар хянаж ажиглахаар ОПЕК-ийн гишүүд ням гарагийн хурлаар тохиролцлоо. Ингээд ирэх зургаадугаар сарын сүүлчээр болох дараагийн хурлаараа нийлүүлэлтээ нэмэгдүүлэх эсэхээ шийдэх юм байна.

Хурлын үеэр Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид Аль Фалих, Венесуэльд үүсээд байгаа улс төрийн тодорхойгүй байдал, АНУ-ын Иранд тавьсан хориг зэргээс шалтгаалан газрын тосны нийлүүлэлт ямар нь байх нь тун тодорхойгүй байна гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Мөн “Газрын тосны хэрэгцээнд нөлөөлж байгаа бусад тодорхойгүй хүчин зүйлүүд ч байна” гэж Саудын Арабын Эрчим хүчний сайд тайлбарлажээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Газрын тос экспортлогчид нийлүүлэлтээ нэмэгдүүлэх эсэхийг ирэх сард шийднэ   
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй