Шууд Chart

Шинжилгээгээр үхсэн малын сэг зэм байсан нь тогтоогджээ

2019-05-20 12:04:36

Сүүлийн үед стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох малын махыг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх, эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, зориулалтын бус агуулахад хадгалах зэрэг зөрчлүүд их гарч, их хэмжээний ашиг олох зорилгоор гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүд болон төрийн зарим албан хаагчид оролцсон зохион байгуулалттай бүлгүүд эцэж үхсэн болон өвчнөөр үхсэн малын махыг хүнсэнд нийлүүлэх, химийн бодис ашиглан өнгө зүсийг сайжруулан борлуулж байгаа ноцтой зөрчлүүдийн талаар мэдээлэл Тагнуулын ерөнхий газарт ирж байна.

Тус байгууллагын зүгээс хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл авч МХЕГ болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд үүнийг таслан зогсоох чиглэлээр дараах ажлуудыг хийгээд байгаа талаараа мэдээллээ. Тухайлбал:

“Эмээлт” захад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрт 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгаас авто тээврийн хэрэгслээр хүнсний стандартын шаардлага хангахгүй, үхсэн болон өвчтэй 20 тонн малын махыг ханган нийлүүлж болзошгүй мэдээллийг ТЕГ авч МХЕГ-тай хамтран шалгаж гадаадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрт буулгах гэж байсан үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон. Лабораторийн шинжилгээний хариугаар үхсэн малын сэг зэм байсан нь тогтоогдсон тул Мэргэжлийн хяналт, Цагдаа, Прокурор, Онцгой байдал, Мал эмнэлгийн газрууд хамтран устгалд оруулж ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Мөн ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ-ын чиглэлийн улсын байцаагч нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Эмээлт” захад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Саян-Уул” ХХК-ийн агуулахад хяналт шалгалт хийхэд 120 тонн хонь, адууны махыг нөөцөлсөн байсан. Дээрх хонины махыг 2018 оны намар, өвөл бэлтгэсэн гэх боловч мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр шинэ мах болох нь тогтоогдсон. Дээрх үйлдвэрт хонь зумлах технологиор гадаадын дөрвөн иргэн боловсруулалт хийж байсан бөгөөд нөөцийн махыг ямар арга, технологиор зумласан нь тодорхойгүй байна.

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Номин Холдинг” ХХК-ийн агуулахын 5, 6 дугаар гүн хөлдөөх зооринд 20 тн орчим үхрийн махыг гарал үүслийн бичиггүй, бусад хүнсний бүтээгдэхүүнтэй хамт стандартын шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж байсан зэрэг зөрчлийг илрүүлж, мэргэжлийн байгууллага хуулийн хүрээнд хяналт шалгалтыг хийжээ.

Түүнчлэн улсын хилээр нэвтрүүлж буй мах, махан бүтээгдэхүүнд хяналт тавьж ажиллан, эдгээр хууль бус ажиллагаанд оролцож буй сүлжээг илрүүлж, таслан зогсоон, зарим этгээдүүдэд холбогдох хууль, хяналтын байгууллагатай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Иргэд энэ чиглэлээр мэдээллийг ТЕГ-ын  /51/263017 дугаараар өгөх боломжтой гэж ТЕГ-аас мэдээллээ.


Шинжилгээгээр үхсэн малын сэг зэм байсан нь тогтоогджээ  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй