Шууд Chart

Владимир Зеленский өнөөдөр тангараг өргөнө

2019-05-20 12:44:58

Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр тангараг өргөнө. Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг Украины парламент өнгөрөгч пүрэв гарагт товлож, тавдугаар сарын 20-ны өдөр орон нутгийн цагаар 10:00 цагт хэмээн зарласан юм.

Тангараг өргөх өдрийг Владимир Зеленский энэ сарын 19-ний өдөр гэж товлож байсан ч, “Дээд Рад-ын гишүүд ажлын өдөр тааруулж ард иргэдэд хүндрэл учруулсан учраас үүнийх нь хариуд хууль тогтоогчдод өөрсдөд нь ч төвөгтэй нөхцөл байдал бүрдүүлэх болно” хэмээн фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

Ёслолын дараа болох албан ёсны уулзалтуудын товыг Владимир Зеленскийн хэвлэлийн албанаас зарласан байна. Хөтөлбөрийн дагуу тэрбээр 10:00 цагт Дээд Рад-ын байранд тангараг өргөсний дараа 11:00 цагт Украины зэвсэгт хүчний нэгж салбаруудыг хариуцсан шинэ дарга нарыг танилцуулж, Үндэсний туг далбаа мандуулах ёслолд оролцох юм байна.

Түүнтэй хамт Украины шинэ тэргүүн хатагтай Олена Зеленский гадаадын төлөөлөгчдийг хүлээн авахад байлцах бол дараа нь шинэхэн Ерөнхийлөгч гадаадын төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийнэ.

Владимир Зеленскийд баяр хүргэх гадаадын төлөөлөгчдийн тоонд Оросын төлөөлөгч багтсангүй гэж Украины хэвлэлүүдээр бичиж байна. “Тангаргын ёслолд оролцуулахаар Оросын талд урилга заллага хүргүүлээгүй. Украин улстай хамгийн ойр хамтран ажилладаг түнш улсуудаасаа төлөөлөгч урьсан” гэж Гадаад хэргийн сайд Катарена Зеленко ярьсан байна.

Тангараг өргөх ёслолд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Европын комиссын эрчим хүчний холбооны дэд Ерөнхийлөгч гэсэн албаны хүмүүс оролцохоор болжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Зеленский өнөөдөр тангараг өргөнө  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй