Шууд Chart

Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцлээ

2019-05-20 16:09:05

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай байв.

Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн мэдээг танилцуулсан юм. Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд халаалтын зуух ашигладаг нийслэлийн 40 сургууль, цэцэрлэгээс 18-ыг хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт шилжүүлэх, 18 цэцэрлэгийг цахилгаан бойлер суурилуулан цахилгаанаар хангана. Мөн угсармал орон сууц дулаалах батлагдсан зураг төсөв, эрчим хүчний аудит, газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийгдсэн 24 барилгад 2019 оны Улсын төсөвт тусгагдсан 12.7 тэрбум төгрөгөөр дулаан техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх гээд олон ажлыг тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэдгээ танилцуулав.

Танилцуулгын дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар дулааны сүлжээ” болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн удирдлагуудад “Дулаан, цахилгааны техникийн нөхцөлийн талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Одоогоор дулаанд холбогдох хүсэлт гаргасан хичнээн иргэн, аж ахуйн нэгж байгаа тооцоо судалгааг нарийвчлан гаргах, иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хэрхэн түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаагаа дараагийн зөвлөлийн хурлаар танилцуулаарай” хэмээн үүрэг чиглэл болгосон юм.

Нийслэлийн Засаг дарга хуралдааны үеэр “Нийслэл хотод саяхан бүхэл бүтэн орон сууцны хорооллын ус тасарч, иргэд сав бариад ус зөөврийн машинд дугаарласан байна. 21 дүгээр зууны Улаанбаатар хотод ийм зүйл хэрхэвч байж таарахгүй. Ажил хариуцсан албан тушаалтнууд эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж ажиллах ёстойг энэ үйл явдал бидэнд харууллаа” гэдгийг онцолж хэлэв.

Хуралдаанаар “Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” нийслэлийн Засаг даргын захирамжийг баталлаа. Захирамжаар, Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын хэрэгжүүлэн ажиллаж, шаардлагатай ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, 2019 оны батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжилтэд хяналт тавьж 2019 оны есдүгээр сарын 1-ний өдрийн дотор зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.


Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцлээ  
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй