Шууд Chart

Австралийн эрх баригч эвсэл парламентад олонхийн суудлаа хадгаллаа

2019-05-20 16:25:00

Австралийн эрх баригч эвсэл парламентад олонхийн суудлаа хадгаллаа. Даваа гарагт тус улсын Сонгуулийн хоорооноос Ерөнхий сайд Скотт Моррисоны удирдаж буй эрх баригч эвсэл парламентын доод танхимын гишүүдийг сонгох санал хураалтын 76 хувийг тоолсон дүнгээр 151 суудлаас 77 суудал авсныг зарласан байна. Харин Дээд танхимын гишүүдийг сонгох саналын 50 хувийг тоолсон дүнгээр эрх баригч консерватив эвсэл 40 суудлын 13-ыг авсныг мэдээлжээ.

Сөрөг хүчний Хөдөлмөрийн намынхны хувьд доод танхимын 68 суудал авсан бол Дээд танхимын 12 суудлыг аваад байна. Сонгуулийн энэ дүн Австралийн банкны болон үл хөдлөх хөрөнгийн, мөн эрүүл мэндтэй холбоотой хувьцааны зах зээлд өсөлт авчирч, сүүлийн 11 жилийн дээд түвшинд хүргэснийг хэвлэлүүд мэдээлж байна.

Скотт Моррисоныг тангаргаа өргөсний дараах эхний ажлуудын нэгдүгээрт танхимдаа сэлгээ хийх асуудал орж байна. Энэ өөрчлөлт Австралийн Засгийн газрын тэргүүнийг уур амьсгалын өөрчлөлттөй холбоотой бодлогуудаа урагшлуулахаар төлөвлөж байгаа эсэхийг харуулах болно гэж ажиглагч тайлбарлажээ.

Скотт Моррисон сэргээгдэх эрчим хүний хэрэглээг нэмэгдүүлэхээс зайлсхийж, нүүрсний эрчим хүч, уул уурхай дээр тогтдог эдийн засагт нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ хохирол учруулж магадгүй гэж болгоомжилдог. Гэхдээ эрх баригч эвслээс нүүрстөрөгчийн ялгарлыг 2005 оны түвшнээс 2030 он гэхэд 26-28 хувиар бууруулах албан ёсны зорилт тавьсан ч НҮБ энэ улсыг зорилтоо биелүүлэх боломжгүй гэж анхааруулаад байна.

Гэтэл сонгуульд ялагдал хүлээгээд байгаа сөрөг хүчний Хөдөлмөрийн нам нь илүү том зорилт тавьж байсныг хэвлэлүүд сануулж байна. Тодруулбал, нүүрс төрөгчийг 2030 он гэхэд 45 хувиар бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 50 хувьд хүргэнэ гэж амлаад байжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Австралийн эрх баригч эвсэл парламентад олонхийн суудлаа хадгаллаа   
Үзсэн: 91 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй