Шууд Chart

Н.Цэрэнбат: Зочлох үйлчилгээний салбарын чанарыг дээшлүүлэх нь бид бүхний зорилго

2019-05-21 09:03:35

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2019 оныг “Ажлын байр, боловсрол, ур чадвар” уриан дор зарласан. Үүнтэй холбоотойгоор өчигдрөөс аялал жуулчлалын салбарын “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт” улс орон даяар эхэллээ.

Монгол Улсын хувьд 2018 онд анх удаа хагас сая гаруй буюу 529 мянган гадаад жуулчин хүлээн авч, 569 сая ам.долларын орлого олжээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй 270 тур оператор компани, 460 зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж 54 мянга орчим ажлын байрыг бий болгосон байна.

“Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар тусгагдсан зорилтуудыг шийдвэрлэх замаар “Аялал жуулчлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж, улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн.

Жуулчин хүлээж авах өнөөгийн хүчин чадлыг тооцоолж үзвэл Монгол Улс нэг өдөрт 70 гаруй мянга, зуны 3 сарын хугацаанд нийт 3 сая гаруй жуулчин хүлээж авах бүрэн хүчин чадалтай хэдий ч сүүлийн 10 гаруй жилийн турш монголд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 гаруй мянгад хэлбэлзсээр иржээ.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д дэлхийн 136 орноос Монгол Улс 102 дугаарт эрэмбэлэгдэж, үүний дотор “олон улсад нээлттэй байдал”, “агаарын тээврийн дэд бүтэц”, “газрын боомт, дэд бүтцийн хөгжил”, “жуулчны үйлчилгээний дэд бүтэц” зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд доогуур үнэлэгджээ.

Эх сурвалж: БОАЖЯ


Н.Цэрэнбат: Зочлох үйлчилгээний салбарын чанарыг дээшлүүлэх нь бид бүхний зорилго  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй