Шууд Chart

Жоко Видодо ялалт байгууллаа

2019-05-21 09:52:02

Индонезийн Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүн гарч, тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо ялалт байгууллаа. Индонезийн Сонгуулийн хорооноос мягмар гарагт гаргасан албан ёсны мэдээгээр Ерөнхийлөгч Жоко Видодо 55.5 хувийн дэмжлэг авсан бол, түүний өрсөлдөгч чөлөөндөө гарсан генерал Прабово Субианто 44.5 хувийн саналтай байна.

Албан ёсны энэ дүн өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-ны өдөр явуулсан албан бус тооллогын дүнг баталсныг хэвлэлүүд бичиж байна. Гэхдээ өрсөлдөгч генерал Прабово Субианто сонгуулийн дүнг эсэргүүцэж ард иргэдээ хууран мэхэлсэн гэж мэдэгдсэн тул Видодогийн эсрэг эсэргүүцэл жагсаал цуглаан болж, хууль зүйн хувьд сорилттой тулгарч болзошгүй гэсэн тайлбар байна.

Даваа гарагт сонгуулийн албан ёсны дүнг хянан шалгах агентлагаас сонгууль будлиантай болсон гэх сэжиг таамгийг няцааж байсан бол ажиглагчид болоод шинжээчид санал хураалтыг шударга, ил тод болсон гэж мэдэгдэж байсныг мөн мэдээлж байна. Гэвч ялагдал хүлээсэн генералын сонгуулийн багийнхан гарын үсэг зурж, албан ёсны дүнг батлахаас татгалзсан байна.

Үүнтэй холбоотойгоор албаныхан болзошгүй эмх замбараагүй байдлаас сэргийлж аюулгүй байдлаа чангатгаснаас гадна эсэргүүцлийн үеэр халдлага үйлдэхээр зэхэж байсан байж болзошгүй гэж зэвсэглэсэн Исламын шашинтнуудыг баривчлан хорьжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Жоко Видодо ялалт байгууллаа  
Үзсэн: 87 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй