Шууд Chart

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

2019-05-21 11:39:38

Сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа мэдээлэл их цацагдах болсон. Гэвч хүүхдийн хүчирхийллийн цаана хүүхдийн сэтгэл санаа ямар байдаг, сэтгэл зүйг нь хэрхэн засдаг, цаашид хэрхэн яаж харьцах талаарх мэдээлэл хомс. Тиймээс энэ асуудлаар “Сэтгэлийн өнгө” сэтгэл зүйн төвийн захирал, сэтгэл судлаач Г.Наранбаатартай цөөн хором ярилцлаа.

-Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх тохиолдол их гарах боллоо. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн талаар бас сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх хүртээмж хэр байдаг талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай улсад сэтгэл зүйн заслын үйлчилгээ байдаг. Гэхдээ төрийн статустай сэтгэл зүйн төв одоогоор алга. Бүгд төрийн бус статустай. Гэхдээ хүчирхийлэлд өртсөн ч юм уу сэтгэл зүйн хувьд асуудалтай хүүхдүүд манай сэтгэл зүйн төв болон бусад төвд хандвал бүгдээрээ үйлчилгээ үзүүлэхэд бэлэн.

Харин эцэг эхчүүд хүүхдүүддээ ямар асуудал байгааг мэдэрч, ийм үйлчилгээ авмаар байна гэдгийг нь тодорхой мэддэг байх хэрэгтэй.

-Сэтгэл зүйн хэчнээн төв байдаг юм бол. Эцэг эхчүүд хүүхдүүддээ сэтгэл зүйн заслын үйлчилгээ авахаар хэр их ханддаг вэ. Үйлчилгээний өртөг хэр байдаг юм бол?

-Яг нарийн хэлж мэдэхгүй байна. Жил бүр л сэтгэл зүйн төв борооны дараах мөөг шиг нэмэгдэж байна. Үнэ өртөгийн хувьд дунджаар нэг цагийн 15-21 мянга хүртэл байдаг. Тэгэхээр хоолны газраас хоол авч идэх үү, хүүхэддээ зориулах уу гэдэг нь эцэг эхчүүдийн сонголт. Сэтгэл зүйн төвд очих эсэх нь ерөөсөө л сонголтын асуудал байдаг. Маш энгийнээр тайлбарлавал, танай гэрт шампунь, саван байхад та түүнийг ашиглавал цэвэрхэн байна. Харин ашиглахгүй бол үнэр танартай эвгүй байна. Та гэрээсээ гарахад сэтгэл зүйн төв зөндөө байна. Та үүнийг ашиглах уу гэдэг таны сонголтын л асуудал болоод байна.

-Сэтгэл зүйн төв олон байдаг юм байна. Гэтэл хүүхэд гэлтгүй эмэгтэйчүүд ч сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авья гэхэд хаана хандах, хаана сэтгэл зүйн төв байдаг юм бэ гэсэн мэдлэг байдаггүй учраас ханддаггүй юм шиг хандлага ажиглагддаг.

-Энэ бол зүгээр л шалтаг гэж би боддог. ФМ 104.5 гэхэд л хажуудаа сэтгэл зүйн төвтэй байна. Сэтгэл судлалын үндэсний төв, Монгол өрх гээд л сэтгэл зүйн төв зөндөө бий. Фэйсбүүктээ сэтгэл зүйн зөвлөгөө гээд бичээд хайхад л зөндөө төв гарч ирнэ. Үүнээсээ сонгоод л очиход болно. Манайхны нийтлэг гаргадаг нэг шалтаг байдаг л даа. Хаана байдгийг мэдэхгүй, яадгийг мэдэхгүй гээд л...

Хүн бүрт л утас байна. Залгаад л хаана байдаг, хэдэн төгрөгөөр үйлчилдэг юм гэдгийг нь асууж болно. Айхтар хүмүүс бол бүр судалдаг. Хүүхдийн чиглэлээр юм уу, гэр бүлийн чиглэлээр үү гээд л асуудаг.

Хэрэг болсны дараа хэсэг шуугиад л дараа нь намжаад байна. Энэ нь юунд байна вэ гэвэл бид хамгийн чухал нь гэр бүл гэж яриад байгаа хэрнээ бодит алхам байхгүй л байна. Хэрэгжүүлнэ гэж яриад байгаа боловч хэрэгжүүлэхгүй л байна.

Бид цайны газар ороод л хоол идээд сууж байхад хүүхэдтэйгээ харьцаж байгаа ээж аавуудын харьцааг харахад энэ хүнийг сургалтад суулгачих юмсан гэж боддог. Тэгээд сургалтад суугаарай үнэ төлбөргүй ийм утга учиртай сургалт гээд хэлэхээр тийм зав байхгүй гэдэг. Харин хошин шог тоглолт үзэх үү гэхээр тэгэлгүй яахав яваад очно гэдэг. Бид гэр бүлээ хошин шогоос дор хэмжээнд тавьчихаад байна.

-Өдөрт та хэдэн хүнтэй уулзаж, сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг вэ. Хүмүүс ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ. Хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллээр хандах тохиолдол хэр их байна вэ?

-Хүмүүс маш ихээр ханддаг. Сэтгэл зүйч Наранбаатар гэдэг фэйсбүүк хуудсан дээр л гэхэд өдөрт 200-250 захидал авч байна.

Ер нь өөрөө хүүхэд наснаасаа сэтгэл зүйн гэмтэл авчихсан хүмүүс сэтгэл зүйн үйлчилгээ авахаар их ирдэг. Тэгэхээр яг үнэндээ айхтар асуудалтай хүмүүс гэхээс илүү нэг бол өөртэйгөө асуудалтай, үгүй бол нийгэмтэй асуудалтай хүмүүс байгаа.

-Хүчирхийлэлд өртсөн болон ямар нэгэн асуудалд өртчихсөн хүүхдэд хэр хугацаанд сэтгэл зүйн заслын эмчилгээ хийж байж тэр хүүхэд бүрэн эдгэрдэг юм бэ?

-Кэйс болгон ялгаатай. Тийм учраас онлайн юм уу, утсаар зөвлөгөө өгөх нь хууль бус байдаг. Гэхдээ манайд хөгжиж байгаа учраас одоохондоо хамаагүй байна. Хууль бус гэдэг нь манай улсад ямар байдгийг мэдэхгүй байна. Олон улсад бол манай салбарт буруу. Хүний ярьж байгаа ярианд дүгнэлт хийдэггүй. Хүний биеийн хэлэмж болон илэрхийлэмж гээд бүгдийг харж байж дүгнэлт хийдэг. Ямар ч хүн өөрийгөө зөвтгөнө. Бусдыг буруутгах учир талаас дүгнэлт хийж болохгүй.

Тэгэхээр хүнд кэйс бол 6 сар. Хөнгөн бол нэг улирлын үйлчилгээг авахад эдгэрэх магадлалтай гэж үздэг.

-Хүчирхийлэл үйлдэгдэж байгаа гол шалтгаан нь юу юм бэ?

-Миний хэлэх гэж байгаа нэг л зүйл байна. Бид нар мэдлэггүй байна. Үүнийгээ л мэдэхийн төлөө болгох хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх арга замууд байна. Хуулийг чангалах хэрэгтэй гэж үзэж байна. Хуулийг чангаллаа гээд өөрчлөлт гарахгүй. Тэгэхээр хүмүүсийг хөгжүүлэх нь хамгийн том өөрчлөлт. Тэгэхийн тулд маш сайн чадварлаг багш нарыг бэлтгээд бүх аймаг суманд очиж ажиллуулах хэрэгтэй. Гадныхан биднийг шоолоод байна шүү дээ. 19 дүгээр зууны зам дээр 21 дүгээр зууны техник хэрэгсэлтэй 13 дугаар зууны хандлагатай хүмүүс гэж шүүмжилж байна. Бид үүнийг үгүйсгэнэ үү, хүлээн зөвшөөрнө үү хамаа байхгүй. Гэхдээ үнэн. Бид өнөөдөр бүгд дээд боловсролтой хэрнээ гудамжинд нус цэрээ хаяж байна шүү дээ. Гэр бүл салалтаараа лидерт байна. Дэлхийд стрессээрээ 4 дүгээрт орж байна шүү дээ. Тиймээс нийгмээ өөрчлөх хэрэгтэй байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС


Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй