Шууд Chart

Иран улс уран баяжуулах хүчин чадлаа 4 дахин нэмэгдүүлжээ

2019-05-21 11:57:42

Иран улс уран баяжуулах чадавхиа 4 дахин нэмэгдүүлсэн гэж мэдэгдлээ. Ираны цөмийн асуудал хариуцсан албаны хүмүүс энэ талаар даваа гарагт хэвлэлийн хурал зарлаж “Уран баяжуулах хүчин чадлаа дөрөв дахин нэмэгдүүлээд байна” гэж мэдэгдсэн байна. Гэхдээ албаны хүмүүс зургаан талтай байгуулсан цөмийн гэрээгээ зөрчөөгүй гэж хэлжээ.

Мөн албаныхны хэлснээр Иран улс одоогоор Уран баяжуулахад шаардлагатай төхөөрөмжийн тоог нэмэгдүүлээгүй байна. Баяжуулах чадавхиа хэрхэн нэмэгдүүлсэн талаараа албаны хүмүүс дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна.

2015 онд зургаан талтай байгуулсан цөмийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Тегеран цөмийн станцад ашиглах зорилгоор зөвхөн гурван хувьд хүргэх хэмжээнд уран баяжуулах боломжтой байна. Мөн бага баяжуулсан ураныг тогтоосон хэмжээнд хадгалахыг зөвшөөрдөг байна.

Харин сүүлд хийсэн мэдэгдлээр нь бага баяжуулсан уран үйлдвэрлэлийн хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлснээрээ Иран улс гэрээгээр заасан хязгаараас хэдхэн долоо хоногийн дотор давах болно гэж албаныхан хэлж байна.

АНУ-ын талаас Ираны цөмийн гэрээнээс гарахаа мэдэгдэж, хориг арга хэмжээгээ улам чангатгаад байгаа. Үүнтэй холботойгоор Тегеран ирэх долоодугаар сарын 7 гэхэд АНУ-ын хориг шахалттай нүүр тулаад байгаа Иран улсын ашиг сонирхлыг хамгаалах тодорхой алхам хийхийг Европын улсуудаас хүсч байна.

"Хэрэв Европ арга хэмжээ авахаас татгалзвал бид бүхэн зэвсгийн чанартай уран баяжуулж эхэлнэ” гэж мэдэгдэж байна. Ираны талаас ийм мэдэгдэл хийхээс өмнө Саудын Араб болон АНУ-ын талаас Тегеранд анхааруулга өгч, “Хэрэв Иран бидэнтэй дайтахыг хүсч байгаа бол тэр нь энэ улсын төгсгөл болох болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "твиттер"-т жиргэсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Иран улс уран баяжуулах хүчин чадлаа 4 дахин нэмэгдүүлжээ   
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй