Шууд Chart

Херберт Киклийг чөлөөлөх шийдвэр гаргалаа

2019-05-21 13:02:31

Австри улсын канцлер, Австрийн ардын намын тэргүүн Себастьян Курц даваа гарагт Австрийн эрх чөлөөний намтай эвссэн эвслийн Засгийн газраас Дотоод хэргийн сайд Херберт Киклийг чөлөөлөх шийдвэр гаргалаа.

Тэрбээр энэ үеэр Австрийн эрх чөлөөний намын сайд нарын оролцоогүйгээр цөөнхийн Засгийн газраар үйл ажиллагаа явуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Үүний тулд тэрбээр Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд Дотоод хэргийн сайдыг огцруулах хүсэлтээ гаргана гэдгээ мэдэгджээ. Себастьян Курц Дотоод хэргийн сайдыг улс төрийн бүхий л албан тушаалаасаа огцорсон Хайнц-Кристиан Штрахегийн дуулиант видео бичлэгтэй холбоотой гэж үзэж байна.

Ийнхүү Херберт Киклийг Дотоод хэргийн сайдын албан тушаалаас нь огцруулах нь Австрийн эрх чөлөөний намын гишүүн Штрахег дэд канцлераас огцруулсны дараах хоёр дахь дуулиан болж байна.

Харин Австрийн эрх чөлөөний намаас Дотоод хэргийн сайдыг нь огцруулах юм бол эвслийн Засгийн газрыг орхино гэдгээ анхааруулсан байна. Курц ч эвслийн бага намын энэ байр суурийн хариуд Австрийн эрх чөлөөний намаас ажиллаж байгаа сайд нарын оронд шинжээчид, эрх бүхий өндөр албан тушаалтнуудыг Засгийн газарт ажиллуулж, ээлжит бус сонгууль хүргэнэ гэж мэдэгджээ.

Австрийн Ардын нам, Австрийн эрх чөлөөний нам хоорондоо ийнхүү талцаж байх зуур сөрөг хүчний намууд Курцын Засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх асуудлыг Үндэсний зөвлөлд оруулж, түүнийг огцруулна гэжээ. Парламент ойрын хугацаанд Засгийн газрын хямралтай холбоотой асуудлаар яаралтай хуралдаан явуулахаар төлөвлөж байна.

Австри улс ирэх есдүгээр сард Үндэсний зөвлөлийн ээлжит бус сонгууль явуулахаар бэлтгэж байна. Ээлжит бус сонгууль явуулах болсон шалтгаан нь дэд канцлер Хайнц-Кристиан Штрахегийн оролцсон нэгэн бичлэг хэвлэлүүдээр тархаж, нийгэм даяар дуулиан тарьсантай холбоотой. Нууц камераар авсан энэ бичлэгт Штрахе болон түүний туслах оросоор ярьдаг нэгэн эмэгтэйтэй алдарт “Кронен Зайтун” хэвлэлийг худалдан авах, 2017 оны парламентын сонгуулийн өмнөхөн Австрийн эрх чөлөөний намын сонгуулийн аяныг мэдээллээр дэмжих, хариуд нь Австрид барилгын улсын гэрээ авах талаар ярилцжээ. Канцлер Курц энэ бичлэгтэй холбогдуулан Австрийн эрх чөлөөний намтай эвслийн Засгийн газарт цаашид хамтран ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Херберт Киклийг чөлөөлөх шийдвэр гаргалаа  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй