Шууд Chart

Малави улсад сонгууль болж байна

2019-05-21 16:26:58

Малави улсад мягмар гарагт Ерөнхийлөгч, парламентын сонгууль зэрэг болж байна. Сонгуулийн үр дүн найм хоногийн дотор тодорхой болох юм байна. Африкийн энэ улсын Төрийн тэргүүний суудалд найман нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэдний дунд одоогийн Ерөнхийлөгч, 78 настай Питер Мутарика хоёр дахь удаагаа өрсөлдөж байгаа юм. Тэрбээр энэ сонгуульд ялбал ирэх таван жилийн хугацаанд Малави улсын эдийн засгийн үзүүлэлтийг Сингапур, Малайзын түвшинд хүргэнэ гэж амлажээ. Малави нь өдгөө Африк тив дотроо хөгжил дорой, гадаадын тусламжаас илүү хамааралтай улсын тоонд ордог. Тус улсын хүн амын тал хувь нь нэн ядуу амьдралтай.

Малави улсад авлигын томоохон дуулиан байнга гардаг. 2013 онд тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Жойс Банда засгийн эрхэнд гарсны дараахан Засгийн газрын хэд хэдэн гишүүн, мөн өмнөх Ерөнхийлөгч Бингу ва Мутарика нар хууль бусаар авсан их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр баригдсан юм. Түүнчлэн экс Ерөнхийлөгч Банда өөрөө огцорсныхоо дараа ч төсвийн мөнгийг үрэн таран хийсэн хэрэгт сэжиглэгдэж, түүний оронд гарч ирсэн одоогийн Ерөнхийлөгч Питер Мутарика хүртэл үндэсний цагдаагийн газарт хүнс нийлүүлдэг хувийн компанийн лоббиг хийсэн хэрэгт орж байлаа.

Түүний гол өрсөлдөгчөөр дэд ерөнхийлөгч, 46 настай Саулос Чилима нэрлэгдэж байна. Ялах магадлал өндөр өөр нэгэн улстөрчийн тоонд протестант шашны номлогч асан, өдгөө сөрөг хүчний Малавийн конгрессийн намын тэргүүн Лазарус Чаквер орж байна. 2014 оны сонгуулиар тэрбээр 27.8 хувийн санал авч, хоёрдугаарт орсон юм.

Малави улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгууль нэг үе шаттай. Энэ сонгуульд хамгийн олон хүний саналыг авсан нэр дэвшигчийг ялагчаар зарладаг байна. Тухайлбал, таван жилийн өмнө Питер Мутарика 36.4 хувийн саналаар Төрийн тэргүүн болсон юм.

Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна иргэд нэг танхимт парламентын 193 гишүүнийг өнөөдөр сонгож байна. Сонгуульд 6.8 сая хүн оролцох боломжтой гэж сонгуулийн комиссоос мэдээлжээ. Малави улс нийт 18.6 сая хүн амтай юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Малави улсад сонгууль болж байна  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй