Шууд Chart

Рэнь Жэнфэй: АНУ “Хуавэй” компанийн хүч чадлыг дутуу үнэлж байна

2019-05-21 16:35:36

БНХАУ-ын харилцаа холбооны технологийн салбарт тэргүүлэгч “Хуавэй” компанийг үүсгэн байгуулагч Рэнь Жэнфэй энэ компанийн эсрэг АНУ-аас авч байгаа арга хэмжээтэй холбогдуулан тайлбар хийлээ.

Түүний хэлснээр АНУ хийсэн үйлдлээрээ энэ компанийн хүч чадлыг дутуу үнэлж байна гэжээ. “Бид АНУ-аас ирэх бодит хяналтыг аль нэг жилийн өмнөөс мэдэрсэн. Америкийн улстөрчид одоогийн энэ үйлдлээрээ “Хуавэй” компанийн хүчийг дутуу үнэлж байна” гэж тэрбээр Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүнчлэн АНУ-ын шийдвэр энэ компанид томоохон нөлөө үзүүлэхгүй. Яагаад гэвэл “Хуавэй” компани тодорхой бэлтгэл арга хэмжээ авчихсан байсан гэж Рэнь Жэнфэй мэдэгдсэн байна.

Мөн дэлхийн нэг ч компани ойрын 2-3 жилдээ “Хуавэй”-г тавдугаар үеийн 5G технологиороо гүйцэж чадахгүй гэж тэрбээр тэмдэглэжээ. АНУ-ын Худалдааны яам “Хуавэй” компани болон түүний 70 салбарыг үндэсний аюулгүй байдалтай харшлах үйл ажиллагаа явуулсан гээд хар жагсаалтад оруулсан юм.

Үүний улмаас Хятадын компани АНУ-ын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр бизнес явуулах, түүнчлэн Америкийн технологиудыг худалдан авах боломжгүй болсон. Гэхдээ өчигдрөөс “Хуавэй” компанид бизнесээ эрхлэх түр зөвшөөрөл олгосон байна. Түр зөвшөөрөл наймдугаар сарын 19-нийг хүртэл үйлчилнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж болзошгүй компаниудын үйлдвэрлэсэн харилцаа холбооны тоног төхөөрөмжийг АНУ-д хэрэглэхийг хориглосон зарлигт гарын үсэг зурсан. Энэ зарлигт “Хуавэй” компанийн нэрийг дурдаагүй ч эх сурвалжууд энэ компанид зориулан гаргасан зарлиг гэжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Рэнь Жэнфэй: АНУ “Хуавэй” компанийн хүч чадлыг дутуу үнэлж байна  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй