Шууд Chart

"Архигүй амьдралыг бид хүснэ" тэмцээний шилдгүүд тодорлоо

2019-05-21 16:47:15

Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 105 дугаар тогтоолоор батлагдсан “Архигүй Дорнодчуудын төлөө” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг дэмжих, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор аймгийн хэмжээний нийт төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудыг хамруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар батлагдсан удирдамжийн дагуу “Архигүй амьдралыг бид хүснэ” АСК тэмцээнийг гурван үе шаттай зохион байгуулан ажиллалаа.

“Архигүй амьдралыг бид хүснэ” АСК тэмцээний 1, 2 дугаар шат аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчит 71 байгууллагын нийт 1000 орчим төрийн албан хаагчдыг хамруулан 2019 оны 04 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм.

Цагдаагийн газраас дээрх тэмцээний 1, 2 дугаар шатнаас шалгарсан төвийн болон орон нутгийн /сумдын Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Халхгол, Чойбалсан аймгийн төвийн Дорнод их сургууль, Хилийн 0132 дугаар анги, Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль, Татварын хэлтэс/ нийт 8 баг 3 дугаар шат буюу “Тэргүүн” байрны төлөө тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр аймгийн “Алтангадас” одонт Хөгжимт драмын театрт амжилттай зохион байгуулав.

Тэмцээний гуравдугаар шат удирдамжид заагдсаны дагуу Архины хор холбогдлыг таниулсан “Мэндчилгээ”, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудын холбогдох заалтуудыг багтаасан багаараа оролцох “Кейс бодлого”, багийн ахлагч нарын дунд дээрх хуулиудын хамааралтай “Асуулт, хариулт”, Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гэрийн даалгавар”, Урлагийн номер гэсэн таван төрөлд хууль, эрх зүйн мэдлэг, авьяас ур чадвараараа өрсөлдөж тэмцээний тэргүүн байранд Хилийн 0132 дугаар ангийн “Харуул занги” баг шалгарч дурсгалын алтан медаль, “Батламж”, 1.500.000 төгрөг, дэд байранд аймгийн Татварын хэлтсийн “Нэг хором” баг шалгарч дурсгалын мөнгөн медаль, “Батламж”, 1.000.000 төгрөг, гутгаар байранд Халх гол сумын “Сонголт” баг шалгарч дурсгалын хүрэл медаль, “Батламж”, 800.000 төгрөг тус тус шагнагдав.

Тэмцээний үйл ажиллагаанд урилгаар Хууль зүйн, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Отгонжаргарл, Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар нар, мөн  аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, 11 багийн иргэдийн төлөөлөл 170 иргэн оролцож нийт 700 орчим хүн хамрагдлаа.


"Архигүй амьдралыг бид хүснэ" тэмцээний шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй