Шууд Chart

2020 оны үндсэн чиглэлд шинээр 42 цэцэрлэг, 66 сургуулийн барилгыг ашиглалтад оруулахаар тусгажээ

2019-05-22 06:27:45

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаан 14.36 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг мөн тусгасан байна.

Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, аятай тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүднээс шинээр 42 цэцэрлэг, 66 ерөнхий боловсролын сургуулийн барилгыг ашиглалтад оруулна хэмээн Сангийн сайд мэдээллээ.

Түүнчлэн шинээр 41 соёлын төв, музей, театр, 15 спорт цогцолбор, ордон, заал ашиглалтад оруулж, орчин үеийн музейн стандарт шаардлагыг хангасан Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрыг шинээр байгуулна гэлээ.

Зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээг чанартай, хүртээмжтэй зохион байгуулах, тандалт, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтын үйл ажиллагааг өргөжүүлэн, эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эмчилгээ, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэхээр тусгасныг мөн дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, дээр дурдагдсан сургууль, цэцэрлэгүүд бүгд ирэх онд ашиглалтад орох эсэх, сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөдөг ч газар чөлөөлөлтийн асуудлаас болоод ажил зогсдог асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар лавлаж байлаа.

Сангийн сайдын хариулснаар, 19 обьектыг барих ажил газар чөлөөлөлтийн асуудлаас болоод зогсоод байгаа бөгөөд цаашид нийслэлээс газар олгоод, түүнийг нь чөлөөлж, худалдаж авах мөнгийг төсвөөс гаргадаг байдлыг таслан зогсоохоор ажиллаж байгааг дуулгасан. Цаашид нийслэлийн удирдлага газрын асуудлыг шийдэж байх, чөлөөлөх шаардлагатай бол хот, орон нутгийн төсвөөс мөнгийг нь гаргаж байх талаар ярилцаж байгаа гэлээ.

Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.


2020 оны үндсэн чиглэлд шинээр 42 цэцэрлэг, 66 сургуулийн барилгыг ашиглалтад оруулахаар тусгажээ  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй