Шууд Chart

Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө

2019-05-22 12:38:10

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 3 ээлжийн сургуульгүй болох, хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийн хуралд НБГ, дүүргийн боловсролын хэлтсийн удирдлага болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Ирэх есдүгээр сарын 1 гэхэд нийслэлийн хэмжээнд 13 сургууль, 29 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар урьдчилсан тооцоо гараад байна. Хурлаар хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд ирэх есдүгээр сарын 1 гэхэд, мөн 12 дугаар сарын 31 гэхэд ашиглалтад орох сургууль цэцэрлэгийн нэр байршлыг тодорхой болгож, хугацаанд нь ашиглалтад оруулах, өнөөдрийг хүртэл барилга угсралтын ажил эхлээгүй газруудын шалтгаан нөхцөлийг нарийвчлан гаргаж, асуудлыг шуурхай шийдвэрлүүлэхэд хамтран ажиллах үүрэг чиглэлийг дэд сайд өглөө.

Түүнчлэн түүхий нүүрс түлэхгүй байхтай холбоотой Засгийн газрын шийдвэрийн дагуу сургууль цэцэрлэгийн уурын зуухнуудыг сайжруулсан түлшээр хангахад үүсэх давуу тал, эрсдэлийн судалгаа, 3 ээлжтэй сургуульгүй болох зорилгоор дүүрэг бүр нутаг дэвсгэртээ байгаа сургуулийн зориулалт, стандартыг хангасан түрээслүүлэх барилга байгууламжийн судалгааг нарийвчлан гаргахыг үүрэг болголоо.

Хөрөнгө оруулалтын ажил бүрд дүүрэг нийслэлээс мэргэжилтэн томилж, чанартай хугацаанд нь гүйцэтгүүлэх, хяналт тавих, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх ажлыг хариуцуулахаар боллоо. 

Эх сурвалж: БСШУСЯ


Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө  
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй