Шууд Chart

Гутал үйлдвэрлэгчид Дональд Трампыг худалдааны маргаанаа дуусгахыг хүсчээ

2019-05-22 14:01:47

Гутал үйлдвэрлэгчид АНУ-ын Ерөнхийлөгчийг БНХАУ-тай хийж байгаа худалдааны маргаанаа дуусгахыг хүсч байна. "Nike", "Adidas" зэрэг дэлхийн нэр хүндтэй гутал үйлдвэрлэгч 173 компани нэгдэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад захидал бичиж, “Импортын татвараа 25 хувьд хүргэж өсгөсөн нь хэрэглэгчдэд нь сөрөг нөлөө үзүүлж байна” гээд худалдааны маргаанаа дуусгахыг хүсчээ.

Үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар АНУ гуталнаас дунджаар 11.3 хувийн татвар авдаг бол зарим тохиолдолд татвар нь 67.5 хувьд хүрч өсдөг байна. “Харин татварыг 25 хувь болгож нэмснээр Америкийн зарим гэр бүл гутландаа 100 орчим хувийн татвар төлөхөөр болж байна” гэж Кларкс, Мартенс, Конверс зэрэг үйлдвэрлэгчид захидалдаа өгүүлжээ.

Вашингтон, Бээжин хоёр худалдааны асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүйгээс өнгөрөгч долоо хоногт Цагаан ордны тэргүүн Хятадаас авдаг 200 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүний татварыг 10-25 хувь болгож өсгөсөн. Үүний хариуд Хятадын тал ирэх зургаадугаар сарын 1-нээс эхлэн АНУ-аас импортлодог 60 тэрбум долларын барааны татварыг нэмэгдүүлэхээ мэдэгдээд байна.

Татварыг өсгөх үеэрээ Дональд Трамп бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ АНУ руу шилжүүлэх замаар зардлаа бууруулах боломжтой гэж компаниудад хэлсэн байдаг. Гэвч гутал үйлдвэрлэгчид болоод жижиглэн худалдаачид “Гутлын үйлдвэрлэл хөрөнгө оруулалт ихээр шаарддаг. Компаниуд үйлдвэрүүдээ зүгээр нэг шилжүүлээд байх боломжгүй” гэж хэлцгээж байна.

АНУ БНХАУ хоёр ирэх зургаадугаар сард Японд болох "Их 20"-ийн уулзалтын үеэр дахин худалдааны асуудлаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Гутал үйлдвэрлэгчид Дональд Трампыг худалдааны маргаанаа дуусгахыг хүсчээ   
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй