Шууд Chart

Жагсаал болж байгаа газарт АНУ-ын иргэдийг очихгүй байхыг уриалжээ

2019-05-22 14:23:20

АНУ-ын Төрийн департаментаас Америкийн иргэдийг Индонезийн нийслэл Жакарта хотод болж байгаа жагсаал цуглаантай хэсэгт аль болох очихгүй байхыг анхаарууллаа.

Төрийн департаментын Консулын албаны албан ёсны хуудсанд мэдээлснээр саяхан болж өнгөрсөн сонгуулийн үр дүнтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал бүтэн шөнийн турш үргэлжилжээ. Түүнчлэн Жакартагийн төвийн хэсэгт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр оролцогчид болон цагдаа нарын дунд мөргөлдөөн гарсныг тэмдэглэсэн байна.

Тиймээс АНУ-ын иргэдийг жагсаал цуглаан болж байгаа газарт аль болох очихгүй байхыг уриалжээ. Индонезийн Жакарта мужийн амбан захирагчийн мэдээлснээр тус улсын нийслэлд гарсан мөргөлдөөний үеэр доод тал нь зургаан хүн амиа алдаж, 200 орчим хүн шархаджээ. 

Эсэргүүцлийн арга хэмжээ мягмар гарагт, сонгуулийн эцсийн дүнг зарласны дараахан эхэлсэн байна. Индонез улсад өнгөрсөн сарын 17-нд болсон энэ сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Жоко Видодо 55.5 хувь, түүний цорын ганц өрсөлдөгч, чөлөөнд гарсан генерал Прабово Субианто 44.5 хувийн саналыг авсан байна.

Сөрөг хүчний нэр дэвшигчийн штабаас сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарлаж, Үндсэн хуулийн шүүхэд хандахаа илэрхийлсэн байна.  Ингээд сөрөг хүчний 2000 орчим дэмжигч сонгуулийн үр дүнг дахин шалгахыг шаардаж, гудамжинд жагсчээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Жагсаал болж байгаа газарт АНУ-ын иргэдийг очихгүй байхыг уриалжээ  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй